2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлах тухай

689

2018  оны 01 сарын 02-ны өдөр        Дугаар А/01                                Улаанбаатар хот

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”

болгон  зарлах тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласугай.

      2.“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

    3.“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусган боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018 оны 01 дүгээр сарын  25-ны өдрийн дотор хэлэлцүүлэн батлуулахыг энэ захирамжийн 2 дугаар зүйлд заасан Ажлын хэсэгт, нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аяныг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өрнүүлж, нийслэлийн өдрийн өмнө дүгнэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд тус тус даалгасугай.

     4.Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж, ажлын явц, үр дүнг улирал тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд, “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн  хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд тогтмол мэдээлж, сурталчилж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

хавсралт 01_20180104013055-1

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД