Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс засварлаж эхэлнэ

94

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн боллоо. Тухайлбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, дөрөвдүгээр сарын 7-ноос Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто замын засвар шинэчлэлийг эхлүүлэх юм.

Засварын хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөж, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна. Авто замыг засахдаа амралтын өдрүүдээр хучилт хийж, шөнийн цагаар инженерийн шугам сүлжээ зэрэг бусад ажлыг гүйцэтгэх юм. Мөн замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийхдээ 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэл хүргэнэ.