КОВИДЫН ДАРААХ ТӨРИЙН АЛБА: ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРААХ ТӨРИЙН АЛБА

428

Нийгэм, бизнесийн ертөнцөд өнгөрсөн хагас зуун жилд огцом өөрчлөлт ажиглагдаж, эдгээрийг нухацтай урьдчилан таамаглахад улам бүр бэрхшээлтэй болсоор иржээ. Урсгал амьдралын хэв маяг, дасал болсон амьдралын орчин нийгмийн хэвшмэл илэрхийлэл байсан бол менежмент, манлайлалд хандах уламжлалт, хоцрогдсон арга барил, өдөр тутмын ажлын царцанги байдлаас зайлсхийхийг хүчтэй шаардах болсон цаг үеийг судлаачид “VUCA” орчин хэмээн тодорхойлдог.

Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй хэмээгдэх энэ орчны хамгийн тод илэрхийлэл “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай, шуурхай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох чиглэлээр 2020 оны 3 дугаар сараас эхлэн явуулж ирсэн үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх талаар Төрийн албаны зөвлөл өнөөдөр цахим хурал хийлээ.

“Иргэдийг КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажил шуурхай явагдаж, төрийн алба дархлаажуулалтын дараах шат руу орж, цар тахлын дараах нийгмийн амьдралын шинэ хэв маяг (new normal)-т дасан зохицож ажиллах нь цаг хугацааны асуудал болж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албан дахь дижитал орон зайн тэлэлт огцом нэмэгдэж, цахимжих үйл явц хурдаслаа. Төрийн албан хаагчдын ажил, амьдралын зохион байгуулалт, цахимаар ажиллах арга барилд чанарын ахиц дэвшил гарлаа” гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэмдэглэв.