“ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ҮНДСЭН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

669

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж эхний ээлжийн буюу 477 у/м, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. 

Уг төсөл нь  төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг тусгаарлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, хотын урд болон зүүн хэсгийн орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих чухал ач холбогдолтой замын байгууламж юм.

Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол бүхий 4 эгнээ гүүрийг шинээр барих ажлын захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпораци, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Ростов”ХХК ажиллаж байна.

Төслийн үндсэн гол гүүрийн Нарны замтай холбох рампууд болох В рамп 09 дүгээр сарын 25, С рамп, А рамп 10 дугаар сард замын хөдөлгөөнийг тус тус нээхээр  төлөвлөн ажиллаж байна. Замын ачаалал их байгаатай холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг эхний ээлжинд нээж,  явган замын ажил үргэлжлэн хийгдэж байгаа тул   иргэд та бүхэн бүтээн байгуулалтаа дэмжин хүлээцтэй байхыг хүсэж байна.

            Та бүхний Алтан шар зам өлзийтэй байж, ажил үйлс тань өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

???????