“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн барилгын ажил үргэлжилж байна

732

Төслийн гүйцэтгэгч Хятадын төмөр замын 20-р товчоо групп компани 2021 оны барилгын ажлыг 3 дугаар сарын 20-ний өдрөөс хэсэгчлэн эхлүүлсэн.  Дэлхий нийтэд нүүрлэсэн ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор Улсын онцгой комиссоос гарсан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин барилгын ажлыг үргэлжлүүлэн ажилласан.

Гүйцэтгэгч компани өнгөрсөн онд хятадын 22 инженер, техникийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, 2021 онд гадаадын ажиллах хүч нэмж авахгүйгээр дотоодын туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажлыг гүйцэтгэж байна. Барилгын ажлын хүрээнд А болон С налуу замын дугуй цохигч цутгах, хэв гажилтын заадас хийх, Нарны зам болон Олимпын гудамжны баруун талын туслах замын борооны ус зайлуулах хоолой, авто замын ажлыг гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 88%-тай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд явган хүний гүүр, Нарны зам, Олимпын гудамжны зүүн, баруун талын туслах зам, борооны ус зайлуулах байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг 2021 оны 9 дүгээр сард бүрэн дуусгахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжэснээр төмөр зам, авто зам 2 төвшинд огтлолцож тухайн цэг дээр гарч байсан зам тээврийн осол 0 болж, хотын төвөөс урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэх юм.