Хотын дарга ирэх жилүүдэд хийх ажлаа нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа

395

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн өсөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол  их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.

УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав

УИХ-ын дарга  Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа.