Гурвалжингийн гүүрэн доогуур шинээр баригдсан авто замын хөдөлгөөнийг нээлээ

438

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүрэн доогуурх авто замыг “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын захиалгаар гүйцэтгэж дуусган өнөөдөр авто замын хөдөлгөөнийг нээж байна.

Замын хөдөлгөөнийг нээх үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дээрх авто зам нь 800 м урт, 8 м өргөн зорчих хэсэгтэй, нэг талдаа 2 м өргөн явган хүний замтай, нийт уртдаа гэрэлтүүлэгтэй мөн явган зорчигчийг аюул ослоос сэргийлэх туузан хашилттайгаар баригдаж дууслаа.

Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.

Өмнө нь тухайн орчин нь явган зорчигч явахад нэн хүндрэлтэй, хөрсний бохирдол ихтэй байсан бол одоо явган зорчигч аюулгүй зорчих боломж бүрдэж хөрс, агаарын бохирдолгүй, иргэд болон үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжүүд тэдгээрийн үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдээд байна.

Шинээр баригдсан авто зам дээр тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэм журмаа баримтлан, бие биедээ хүлээцтэй зорчихыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР