ХОТ СОЁЛТОЙ БОЛ ГОЁ! Бүх нийтийн аян эхэллээ

801

Одоогоос 60 жилийн тэртээ нүүдэлчин өв соёлтой Монголчууд бид суурин амьдралыг ѳрнүүлж, орчин цагийн соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй. Өдгөө нийслэл хот маань дэлхийн их хотын нэг болж оршин суугчдаас хариуцлага, харилцан хүндлэл, хувь хүний хандлага, орчин цагийн хотын соёл гээд хамтын нийгмийн амьдралын хэв маягийг шаардсаар байна.

Ялангуяа сүүлийн үед хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулт тахал, халдварт өвчинтэй тэмцэж үр хойч үе, цаашлаад улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалах нь нийслэлийн иргэн бүрийн хариуцлага, хамтын зүтгэлээс ихээхэн хамааралтай болоод байна.

Хотын соёл, иргэн хүний хариуцлагыг ярихгүйгээр аливаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах боломжгүй юм. Нийслэлийн иргэн та бид эх оронч сэтгэл, хамтын хүчээр эрсдэл, аюулыг хохирол багатай даван туулна гэдэгт итгэлтэй байна.Иймд 60 жилийн тэртээ амжилттай хэрэгжүүлж байсан СОЁЛЫН ДОВТОЛГООГ нэхэн санаж, ИХ ХОТОО соёлжуулах ХОТЫН СОЁЛ бүх нийтийн хөдөлгөөнийг нийслэл даяар эхлүүлж байна.

Энэхүү ХОТЫН СОЁЛ бүх нийтийн аянг хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал бөгөөд таны ХОТЫН СОЁЛ-д оруулж байгаа хувь нэмэр хотоо, улсаа хөгжүүлэх оюунлаг, бүтээлч, хариуцлагатай иргэний ЗҮТГЭЛ байх болно. Нийслэлийн иргэн бидний 2 дахь гэр болсон гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд биелүүлэхээс эхлэнэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 4000 гаруй ажилтан албан хаагчид өнөөдрөөс эхлэн ХОТын СОЁЛыг түгээх, хэвшүүлэх аянд нэгдэж байна. Хотын иргэд та бүхнийг “ХОТЫН СОЁЛ” үйлсийг дэмжиж ая тухтай, аюулгүй, эрүүл хотыг цогцлоохын төлөө айл хѳрш, орц, гудамж, хороо дүүрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноороо нэгдэн түгээхийг уриалж бас хүсэж байна.

Улаанбаатар хотын эрхэм хүндэт иргэдээ ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ, СОЁЛТОЙ ХОТОД, Амар тайван, сайхан амьдрахын төлөө ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ

Та бүхэнд баярлалаа