ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРУУН УРД УУЛЗВАРЫН ҮНДСЭН ГҮҮРИЙН АЖЛЫН ЯВЦ 90%-ТАЙ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

587

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох удирдлагууд, албан хаагчид “Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц” барих төслийн  ажлын явцтай танилцлаа.

Уг төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, цэвэр усны шугам шинэчлэлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн яаралтай  шийдвэрлэх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, график төлөвлөгөөг шинэчлэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө буюу 08-р сарын 25 гэхэд үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхийг холбогдох байгууллагуудын дарга, албан хаагчид болон гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци”ХХК-ны удирдлагуудад үүрэг болголоо.

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72%-тай байна. Үндсэн гүүрийн ажлын явц 90%-тай гүүрэн гарцын ажил үргэлжилж байна.