Шинэ зам хүлээн авлаа

1075

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз захын хойд гудамжнаас “Газарчин” дээд сургууль хүртэлх 0.75 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Велдедлайне Монголиа” компанийн замчид гэрээт хугацаанаасаа өмнө, чанартай гүйцэтгэсэн энэхүү шинэ замын урт 0.75 км, зорчих хэсгийн өргөн 6 метр, хоёр эгнээтэй, 2 метр өргөн явган хүний замтай.

Нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замуудыг ийнхүү нийслэлийн замын сангийн хөрөнгөөр шинэчлэн, гол гудамж замууддаа засвар арчлалт хийж байна.

Түүнчлэн, улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар хотын зүүн хэсэгт буюу Баянзүрх дүүргийн хувьд энэ жил авто замын бүтээн байгуулалтын ажил ихтэй, тоймлож хэлбэл, Монелийн уулзвараас урагш Ус сувгийн удирдах газрын уулзвар хүрэх авто зам, Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүрэх 1.4 км авто зам, 57 у/м гүүрийн хамт барих, томоохон эмнэлгүүдийн гадна талбайн иж бүрэн засвар, Гадна тойруугийн 4-р хэсэг буюу Дарь эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км шинэ авто зам барих зэрэг ажлууд хэрэгжиж байна. Туул гол дээгүүр барих Баянзүрхийн 321 у/м гүүрийн барилгын ажил эхэлсэн, түүнтэй залгах Налайх чиглэлийн 20.9 км авто замын ажил энэ онд эхэлнэ.

Эдгээр томоохон зам, гүүрүүд, мөн өнөөдөр хүлээн авч байгаа энэхүү шинэ зам маань нийслэлийн иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно.