НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

1562

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын

даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны

өдрийн А/37 дугаар тушаалын хавсралт

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН 

ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. 1 Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /цаашид “газар” гэх/-ын дотоод журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, захиргаа, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, зохион байгуулах, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Газар нь үйл ажиллагаандаа Иргэний хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Шилэн дансны тухай, Хөдөлмөрийн тухай, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3 Газар нь нийслэлийн авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх, урсгал засвар, ашиглалт, арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулж, захиалагчийн болон лабораторийн хяналт тавих, ашиглалтад хүлээлгэн өгөх, төлбөртэй зогсоолын үйл ажиллагааны орлого болон Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн авто зам ашигласны төлбөрөөс Нийслэлийн авто замын санг бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах.

1.4 Газар нь тогтоосон журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх ба газрын даргын 2016 оны А/40 дугаар тушаалаар батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, ашиглах журам”-ыг мөрдөж ажиллана.

1.5 Газрын хэмжээнд дотоод журмын хэрэгжилтийг орлогч болон хэлтэс, нэгжийн дарга нар зохион байгуулж, Удирдлагын зөвлөлд танилцуулж ажиллах ба Захиргаа санхүүгийн хэлтэс гүйцэтгэлд хяналт тавих ажиллана. Удирдлагын Зөвлөлийн ажиллах журмыг газрын даргын тушаалаар батална.

1.6 Газрын дарга нь өөрийн бүрэн эрхэд хамаарах ажлын зарим хэсгийг эрх шилжүүлэх хэлбэрээр орлогч болон хэлтэс, нэгжийн дарга нарт тушаалаар шилжүүлэн хэрэгжүүлж болно.

Хоёр. Албан тушаалд томилох, албан тушаалаас                                           чөлөөлөх, түр чөлөөлөх, халах

2.1. Төсвийн шууд захирагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу томилон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.

2.2 Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчийн туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно. Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадвараа нотолж чадсан эсэхээс шалтгаалан Төсвийн шууд захирагчийн шийдвэрээр жинхлэх буюу ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.

2.3 Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилоход дараах баримт бичиг бүрдүүлнэ:

2.3.1 Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтан Авлигатай тэмцэх газраар хянуулах;

2.3.2 төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;

2.3.3. боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.3.4 намтар /3 үеийн/;

2.3.5. нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

2.3.6 иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.3.7 төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал / төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/ эрүүл мэндийн бичгийн хамт;

2.3.8. урьд ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

2.3.9 зураг 4 хувь /4*6/;

2.3.10 ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл;

2.3.11 бусад

2.4 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Хөдөлмөрийн гэрээг газрын дарга албан хаагчтай заавал бичгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

2.5 Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тусгана:

2.5.1 ажлын байрны буюу албан тушаалын нэр;

2.5.2. ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг;

2.5.3 үндсэн цалин буюу албан тушааалын цалин;

2.5.4 хөдөлмөрийн нөхцөл;

2.5.5  ажлын цаг;

2.5.6 гэрээний хугацаа;

2.6 Захиргаа, санхүүгийн хэлтэс нь шинээр томилогдсон албан хаагчид байгууллагын дүрэм, дотоод журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээний журам, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг танилцуулна.

2.7. Шинээр ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор албан хаагчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг хангасан байна.

2.8 Ажилд анх орж буй ажилтныг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд үйлчилгээний ажилтны ажлын байранд 3 сараас доошгүй, үндсэн албан тушаалд 6 сараас доошгүй хугацаагаар туршилтын хугацаанд ажиллуулна.

2.9 Хэлтэс, нэгжийн дотор ажилтнуудыг сэлгэн ажиллуулах асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэн газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

2.10 Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу олгоно.

2.11 Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23,24,25 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд зааснаас гадна төрийн албан хаагчдыг “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил”-д тооцсон болон хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болно. Тушаалд ажлаас чөлөөлсөн, халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ.

2.11.1 Хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцлүүд:

2.11.1.1 Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 3 удаа зөрчсөн, сахилгын зөрчил давтан /3 удаа/ гаргасан, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомжид харш үйл ажиллагаа явуулсан;

2.11.1.2 Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, бусдад өгч үрэгдүүлэх зэргээр захиргааны итгэл алдагдуулсан;

2.11.1.3 Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

2.11.1.4 Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн нь нотлогдсон; өрөө тасалгаанд тамхи татсан;

2.11.1.5 Ажил тасалсан;/шалтгаангүйгээр 3 удаа/.

2.11.2 Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцсон нөхцлүүд:

2.11.2.1 Байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан;

2.11.2.2 Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан;

2.11.2.3. Албан үүрэгтэйгээ холбогдуулан хээл хахууль авсан нь тогтоогдсон;

2.11.2.4. Нягтлан бодох бүртгэлийн баримт данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх;

2.11.2.5. Хариуцсан эд зүйлсийг бүртгэл, тооцоо хяналтаас гадуур бусдад худалдах, солих;

2.11.2.6 Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн;

2.11.2.7 Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч нар албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа үнэт цаасны сери дугаарыг зөрүүлэх, хоорондоо дамжуулах, орлогоо цаг хугацаанд нь тушаагаагүй зэрэг зөрчил илэрсэн;

2.12 Ажлаас чөлөөлөх, халах тухай тушаалын ажил хүлээлгэн өгөх хугацаанд албаны баримт бичиг, файл, эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хэлтэс, нэгжийн холбогдох албан тушаалтантай тойрох хуудсаар тооцоо хийж дууссаны дараа ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэргийг хүлээлгэн өгнө.

2.13 Ажлын зайлшгүй шаардлагын дагуу гэрээт ажилтанг хөлсөөр ажиллуулж болно. Хөлсөөр ажиллуулах гэрээг газрын дарга гэрээт ажилтантай бичгээр байгуулна.

Гурав. Захиргаа, ажилтны эрх, үүрэг

3.1  Захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.

3.1.1. газрын эрхэм зорилго, зорилт, хэтийн төлөвлөгөөг үндэслэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлэх;

3.1.2 хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих;

3.1.3. албан хаагчийг стандартад нийцсэн ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;

3.1.4 газрын дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.1.5.газрын мэдээллийн технологийн тогтолцоог бүрдүүлж, түүний найдвартай ажиллагаа, үйлчилгээг хангаж ажиллах;

3.1.6 албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангах, өрөө тасалгааны аятай тохитой байдлыг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах ажлыг зохион байгуулах;

3.1.7. албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн чөлөөт цаг, амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар тухай бүр анхаарч тодорхой ажил зохион байгуулах;

3.1.8. албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.1.9 байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах;

3.1.10 албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2 жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ авах;

3.1.11 албан хаагчаас ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэх, эрхэлсэн ажлын нь чиглэлээр шууд хамаарах мөн цаг үеийн асуудалтай холбогдсон үүрэг даалгаврыг өгч түүний хэрэгжилт үр дүнг шаардах, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

3.2 Ажилтан дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.

 3.2.1 ажилтан хууль тогтоомжид заасан эрхийг эдлэх;

3.2.2. өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

3.2.3 ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, чанартай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь танилцуулж, төрийн албаны захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллах;

3.2.4 харъяа дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх;

3.2.5 хэлтэс, нэгжийн дарга нар, мэргэжилтнүүд мэдээллийн самбарт болон дотоод сүлжээнд байрлуулсан зар, мэдээлэлтэй танилцаж, өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд хэрэгжүүлж, мэдээг бичгээр гарган хариуцсан мэргэжилтэнд өгч нэгтгүүлнэ. Зарласан арга хэмжээнд хожимдолгүй идэвхитэй оролцох;

3.2.6 үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон тогтоосон журмыг хатуу чанд сахиж мөрдлөг болгон ажиллах;

3.2.7 эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах;

3.2.8. албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан хадгалж, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байх; албан ажлын холбогдолтой файлыг жилийн эцэст мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэнд өгч архивлуулах;

3.2.9 ажлын байрыг цэвэр, эмх цэгцтэй байлган, тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж, сахилга, дэг журмыг чанд сахих;

3.2.10 хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлэх;

3.2.11 ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, бусдынхаа ажилд саад болох зан авир гаргах, үйлдэл хийхийг цээрлэж, эелдэг зан харилцааг эрхэмлэн ажиллах;

3.2.12 ажлын цагаар ажил үүрэгт холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;

3.2.13 газрын өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх;

3.2.14 өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээтэй танилцаж, хувийн хэрэгтээ жил тутамд баяжилт, хөдөлгөөн нэмэлт хийх;

3.2.15. гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудсыг холбогдох нэгж, албан тушаалтанд тайлагнаж байх;

3.2.16 авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 2-д заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөх;

3.2.17 цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах эрх эдлэх;

Дөрөв. Газрын ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх

4.1. Газар нь эрхэм зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Газрын хэтийн төлөвлөгөө нь жилийн төсвийн төсөл боловсруулах үндэслэл болох бөгөөд Төсвийн Ерөнхийлэн Захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна. Хэтийн төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, батлуулна.

4.2 Төсвийн Ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч жил бүрийн ….. дүгээр сарын ….-ны дотор, Төсвийн шууд захирагчтай менежерүүд …. дүгээр сарын …..-ны дотор, Төсвийн шууд захирагчтай буюу төсвийн шууд захирагч эрхээ шилжүүлсэн бол менежертэй төрийн жинхэнэ албан хаагчид 01 дүгээр сарын … -ны дотор тус тус үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчидтай газрын дарга хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана;

4.3 Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэлтэс, нэгж нь үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан, батлуулж ажиллана. Захиргаа, санхүүгийн хэлтэс байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна;

4.4 Хэлтэс, нэгж нь үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хариуцсан орлогч даргаар, албан хаагчид ажлын төлөвлөгөөгөө хэлтэс, нэгжийн даргаар улирал тутам батлуулж, хэрэгжүүлж , тайлагнан ажиллана;

4.5 Хэлтэс, нэгж нь байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр шийдвэр гаргуулах асуудлын төслийг Захиргаа, санхүүгийн хэлтэст мэдэгдэн, саналын хуудас авч шаардлагатай тохиолдолд Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрлүүлнэ;

4.6 Хэлтэс, нэгж тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 20, 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж Захиргаа, санхүүгийн хэлтэст өгнө. Тус хэлтсээс хагас, бүтэн жилийн тайлан мэдээг нэгтгэж Удирдлагын зөвлөлд танилцуулна;

4.7. Газрын үйл ажиллагааны төсвийн төслийг боловсруулах, батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс зохион байгуулна. Түүнчлэн газрын үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг ангилал нэг бүрчлэн тооцож, санхүүгийн аудитын дүгнэлтийг Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллана;

4.8 Газрын жилийн үйл ажиллагааны тайланг Захиргаа, санхүүгийн хэлтэс нэгтгэн, дүгнэлт хийж, тайланг тухайн дараа жилийн 01 дүгээр сарын 05-ны дотор гарган холбогдох газарт хүргүүлнэ;

4.9 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, дээд байгууллагын захирамж, тогтоол, шийдвэрийн биелэлтийн мэдээг хэлтсийн ахлах мэргэжилтнүүд хариуцан улирал бүр гаргаж, Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлнэ;

4.10 Хэлтэс, нэгж нь өөрийн үйл ажиллагааны чиглэлээр газрын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг Захиргаа, санхүүгийн хэлтэст тогтоосон хугацаанд ирүүлнэ;

4.11 Газрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг газрын дарга, түүний эзгүйд орлогч даргаар хянуулан, тэдний зөвшөөрснөөр холбогдох байгууллагад хүргүүлнэ;

Тав. Үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх, арга хэлбэр

5.1. Төсвийн шууд захирагч нь менежерүүд болон төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ;

5.2 Төсвийн шууд захирагч төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-г үнэлж, өгсөн үнэлгээг үндэслэн Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон холбогдох бусад эрх зүйн акттай нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий байгууллагад саналаа тавьж болно;

5.2.1.  “А” буюу “маш сайн” үнэлгээ авсан бол албан тушаал дэвшүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас өмнө олгох, төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг ахиулах, цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх, албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтанд хамруулах, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох, төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох;

5.2.2. “В” буюу “сайн” үнэлгээ авсан бол одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах, дараагийн шатлалын цалин олгох, зохих шатны сургалтанд хамруулах, төрийн жинхэнэ албан хааагчид дараагийн шатны цол, зэрэг дэв олгох, төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох;

5.2.3. “С” буюу “хангалттай” үнэлгээ авсан бол цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтанд хамруулах;

5.2.4 “ D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах, төрийн албан хаагчийн мэргэшлийн зэргийг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтанд хамруулах;

5.2.5. “F” буюу “хангалтгүй” үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах.

Зургаа.  Ажлын цагийн горим

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба өглөө 8.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусна. Үдийн завсарлага 12.30 цагаас 13.30 цагийн хооронд байна.

6.2 Албан хаагч бүр ажилд ирэх, ажил тарахад цаг бүртгэх хурууны хээний төхөөрөмжинд цагаа бүртгүүлж байна. Нэгжүүд цагийн балансыг сар тутам хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлэх бөгөөд хүний нөөцийн мэргэжилтэн хянаж, нэгтгэн санхүүд өгнө;

6.3 Ажлын цаг ашиглалтын бүртгэлд Захиргаа, санхүүгийн хэлтэс хяналт тавих бөгөөд үр дүнг газрын даргад танилцуулж ажиллана. Ажилтны хоцорсон, тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж,  1 сард хүндэтгэх шалтгаангүйгээр 100 минут хүрвэл сахилгын шийтгэл ногдуулна;

6.4. Ажлын цагаар албан ажлаар гадуур явахдаа хэлтэс, нэгжийн дарга нар газрын даргад, албан хаагчид харъяалах нэгжийн даргад мэдэгдэн гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ;

6.5 Захиргааны санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно;

6.6. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албан хаагчид чөлөө олгож болно. Ажлын 1 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар хэлтэс, нэгжийн дарга, 2-оос 5 хүртэлх өдрийн чөлөөг орлогч дарга, 5 буюу түүнээс дээш өдрийн чөлөөг газрын дарга олгоно. Чөлөөг заавал чөлөөний хуудсаар олгох ба энэ талаар газрын даргад тухай бүр мэдэгдэж байна. Чөлөө аваагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно. Цалинтай чөлөө олгох асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ;

6.7 Хvндэтгэн үзэх шалтгааны улмаасажилтан, албан хаагчаас гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай болон цалингүй чөлөө олгоно.

6.7.1. Дор дурдсан тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно.Үүнд:

а) гачигдал тохиолдох;

б) ажилтны эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, ах, эгч, дүү, шууд асрамжид байдаг хүн хүндээр өвчлөх;

в) ажилтан өөрөө хүндээр өвдөх

г) гэр бvлийн гишvvн нэмэх;

д) ажилтан болон түүний төрсөн хүүхэд хурим хийх;

е) ажилтан төрийн одон, медалиар шагнагдах;

ё) ажилтан төрийн болон өөрийн зардлаар давтан сурах, мэргэжил дээшлүүлэх, магистрант, докторантурт суралцах, шалгалт шvvлэг өгөх.

6.7.2.Ажилтан, албан хаагчийн өргөдөл, харъяа хэлтсийн даргын саналыг харгалзан, цалинтай чөлөө олгож болно.Үүнд:

а) Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр ажилтан, албан хаагч өөрөө хүнд өвчнөөр өвдсөн тохиолдолд 3 сар хүртэл;

б) Эхнэр, нөхөр, хүүхэд, өөрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон хадам эцэг, эх удаан хугацаагаар өвдөж сахихад 1 сар хүртэл;

в) Эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, ах, эгч, дүү нас барахад ажлын 5 хүртэл хоногийн;

г) Ажилтан, албан хаагчийн гэр бүлд шинээр хүүхэд төрөхөд ажлын 5 хүртэл хоногийн;

6.8 Жил бүрийн 1 дүгээр улиралд албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг газрын даргын тушаалаар батлах ба амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно. Шинээр ажилд орсон албан хаагч 8 сар ажилласны дараа ээлжийн амралт олгоно;

6.9 Ажилтанд жил бүрийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Захиргааны шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 31.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу мөнгөн урамшуулал олгож болно;

6.10 Ээлжийн амралт олгох мэдэгдлийг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн байгууллагын санхүүд болон ажилтанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг олгуулна. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх, халагдах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ;

6.11 Захиргаа, санхүүгийн хэлтэс нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг газрын даргын тушаалаар батлуулж, хувийг холбогдох байгууллага болон жижүүрт өгч хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. Хариуцлагатай жижүүрээр томилогдсон албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд ажилласан цагаас хасаж тооцно;

6.12 Ажлын цагтай холбогдох бусад асуудлыг хууль, журмын дагуу зохицуулна;

Долоо. Дотоод хяналт шалгалт, дэг журам

7.1 Байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналт шалгалтын ажлыг газрын хэмжээнд Захиргаа, санхүүгийн хэлтэс зохион байгуулж, газрын дарга хяналт тавина;

7.2 Хэлтэс, нэгжийн албан хаагчдын үйл ажиллагаанд гэнэтийн болон графикт шалгалт хийх чиг үүргийг Захиргаа, санхүүгийн хэлтэс хэрэгжүүлэх бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг Ёс зүйн хорооны болон Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ;

7.3 Албан хаагч нь төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, зөв боловсон, төлөв түвшин хувцаслана. Ажлын байранд этгээд содон хэв маяг, чөлөөт загвараар хувцаслахыг хориглоно.

7.4 Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг дагаж мөрдөнө;

7.5 Албан хаагчдын ажлын хэрэгцээнд албан өрөө тус бүрт суурин утас ажиллуулах бөгөөд ажил үүргийн онцлогийг харгалзан зарим өрөөний утсанд лимит /гар утас руу орох эрхэнд/ тогтооно. Телефон утасны сарын төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэнэ;

7.6 Байгууллагын албан хаагч бүр энгэрийн тэмдэг тогтмол зүүж хэвших бөгөөд хаяж, үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд энгэрийн тэмдэгийн үнийг тухайн албан хаагч өөрөө төлж дахин авна;

7.7  Байгууллагын ажлын байранд дараах зүйлийг хориглоно:

7.7. 1 зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах;

7.7.2 буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал оруулах;

7.7 3 том хэмжээний хайрцаг, цүнх, чемодан, бусад бараа, материал зөвшөөрөлгүй оруулах;

7.7. 4 согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх;

7.7. 5  ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах;

Найм.  Ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгаа

8.1 Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажиллагсдад цалин хөлс, нэмэгдлийг олгоно. Цалинг сард 2 хувааж /сар бүрийн 10, 25-ны өдөр/ тогтоосон хугацаанд олгоно. Хэрэв сарын 10, 25-ны өдрүүд амралтын өдөр таарвал урьд өдөр нь олгож болно.

8.2. Албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнг тооцон цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох арга хэмжээг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэнэ.

8.3. Төрийн үйлчилгээний албан хаагчийг анх ажилд томилогдсоноос хойш туршилтын хугацааг ажлын үр дүн, туршлага, идэвх санаачлага цаашид ажиллах итгэл үнэмшил зэргийг харгалзан 3-6 сараар тогтоож ур чадварын нэмэгдлийг 25 хүртэл хувиар олгоно.

8.4 Албан хаагч ажлын зайлшгүй шаардлагаар хослон буюу хавсран ажилласан тохиолдолд холбогдох хуулийн дагуу үндсэн цалингийн 40 хүртэл хувийг газрын даргын шийдвэрийг үндэслэн олгож болно.

8.6 Төсвийн болон гадаадын хөрөнгө, тусламж, тэтгэлгээр мэргэшлээ дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалтад ажилтны ур чадвар, ажилласан жилийг харгалзан, сургалтад хамрагдах хугацаанд цалин олгох эсэхийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, сонгон шалгаруулж шийдвэрлэнэ. Сургалтын тайланг Захиргаа, санхүүгийн хэлтэст бичгээр гаргаж өгнө.

8.7 Албан хаагчдад олгох хоол, унааны мөнгийг батлагдсан төсвийн хүрээнд өдөрт 6000 төгрөгөөр тооцон олгоно.

8.8. Албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, орон сууцны судалгааг гаргах, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад зөвхөн өөрийн хэрэгцээнд орон сууц барих зэрэгт дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэхэд тусална.

8.9 Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон ажилтан, албан хаагчийг байгууллагын ахмадын бүртгэлд бүртгэн, 300 000 /гурван зуун мянга/ хүртэлх төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулан, ахмадын баяр, цагаан сараар хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

8.10. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн төрийн жинхэнэ албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт, тус газарт 5 ба түүнээс дээш жил ажилласан төрийн үйлчилгээний албан хаагчдад 12 сар хүртэл, 5-аас доош жил ажилласан бол 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

8.11. Галлагаатай байшин, гэрт амьдардаг ажилтан, албан хаагчдад тухайн жилийн үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс шалтгаалан түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлж болно.

8.12 Үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтэд “A” үнэлгээтэй албан хаагчдад сарын үндсэн цалинтай тэнцэх, “B” үнэлгээтэй албан хаагчдад авсан онооны үнэлгээний хувиар тооцож Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, газрын даргын тушаалаар мөнгөн урамшуулал олгоно.

8.13 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 220 дугаар тогтоолыг үндэслэн байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны орлогындавалт, төсвийн зардлын хэмнэлтээс ажилтан, албан хаагчдад мөнгөн урамшууллыг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, газрын даргын тушаалаар олгоно.    Хуульд зааснаас бусад доорх тусламж олгоно. Үүнд:

8.13.1. Албан хаагчийн гэр бүлд шинээр хүүхэд мэндэлбэл 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2 ба түүнээс дээш хүүхэд төрвөл 500000 /таван зуун мянга/ төгрөг;

8.13.2. Газрын ажилтан, албан хаагчдын дундаас анх гэр бүл болж гэрлэлтээ баталгаажуулсан ажилтанд 1000000 /нэг сая/ төгрөг, ажилтан шинээр гэр бүл болсон тохиолдолд 500000 /таван зуун мянга/ төгрөг хүртэл мөнгөн урамшуулал эсвэл бэлэг дурсгалын зүйлс гардуулах;

8.13.3. Тухайн байгууллагын 50, 60 нас хүрсэн албан хаагчид нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал эсвэл бэлэг дурсгалын зүйл гардуулах;

8.13.4. Ажилтан, албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд түүний ар гэрт 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгож, буяны ажилд шаардлагатай техник, автомашинаар туслах;

8.13.5. Албан хаагчийн эхнэр, нөхөр, хүүхэд, өөрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, болон хадам эцэг, эх нас барсан тохиолдолд тухайн албан тушаалтанд 300000 /гурван зуу/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох,

8.13.6. Газрын ахмадын бүртгэлд байгаа өндөр настан хүндээр өвчилж, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн магадлагаагаар нотлогдсон тохиолдолд 1000000 /нэг сая/ төгрөгийн, нас барсан тохиолдолд 500000 /таван зуун мянга/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

8.13.7. Шинэ жилийн баяраар ажилтан, албан хаагчдын гэр бүлд, Эх үрсийн баяраар 0-16 хүртэл насны хүүхдүүдэд бэлэг гардуулах;

8.14 Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдана.

Ес. Шагнал, урамшуулал олгох

9.1. Мэргэжлийн өндөр ур чадвар шинэ санаа,санаачлагагарган хэрэгжүүлж албан vvргээ тогтмол чанартай биелvvлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зvйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллагын болон албан хаагчийн нэр хvндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлvvлэн ажиллаж байгаатөрийн албан хаагчид дараах урамшуулал олгоно:

9.1.1.  Монгол улсын Төрийн соёрхол, улсын болон хөдөлмөрийн баатар, гавьяат цолоор шагнагдвал 500000 /таван зуун мянга/ төгрөг хүртэл буюу эсвэл түүнтэй дүйцэхүйц бэлэг дурсгалын зүйл;

9.1.2. Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдвал 300000 /гурван зуун мянга/ төгрөг хүртэл

9.1.3. Салбарын яамны “Тэргүүний ажилтан” тэмдэг /дагалдах мөнгөн урамшуулал/,

9.1.4. Салбарын яамны “Хvндэт жуух бичиг”-ээр шагнагдвал /дагалдах мөнгөн урамшуулал/;

9.1.5. Нийслэлийн төр захиргааны байгууллагын шагналд тодорхойлох;

9.1.6. Байгууллагын “Оны шилдэг ажилтан”-1, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал нэг сарын үндсэн цалингаар ;

9.1.7. “Тэргүүний ажилтан”-3 хүртэл албан хаагч, тус бүр 300000/гурван зуун мянга /төгрөг хүртэл;

9.1.8. Газрын “Өргөмжлөл”-5 хүртэл албан хаагч, 150000/нэг зуун тавин мянга/ төгрөг хүртэл;

9.1.10. Гадаад оронд аялах эрхээр шагнах;

9.2 Төрийн албан хаагчийг шагнаж урамшуулахад харъяалах хэлтэс, нэгжийн даргын саналыг үндэслэн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

9.3 Удирдлагын зөвлөлийн хурлаар төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний дүнг хэлэлцэж, холбогдох журмыг дагуу урамшуулал олгоно.

Арав. Сахилгын шийтгэл ногдуулах

10.1 Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон заалтыг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан, ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

10.2 Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна.

10.3 Сахилгын шийтгэлийг газрын даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг Захиргаа, санхүүгийн хэлтэс өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ. Орлогч дарга, хэлтэс, нэгжийн дарга нар сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг Удирдлагын зөвлөлийн болон Ёс зүйн хорооны хуралд оруулж болно.

10.4 Дор дурдсан үндэслэл нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно:

10.4.1. Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

10.4.2 Ажилтан урьдчилан мэдэгдээгүй, зохих зөвшөөрөлгүй 3-аас дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан;

10.4.3 Ажын цаг ашиглалт хангалтгүй байх, удаа дараа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй,

10.4.4 Хэвлэмэл хуудсыг өөр зориулалтаар хууль бусаар ашигласан, хуурамч баримт бичиг, материал үйлдсэн;

10.4.5 Байгууллагаас зохион байгуулагдаж буй нэгдсэн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа оролцоогүй;

10.4.6 Иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн;

10.4.7 Дээд газраас ирсэн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй;

10.4.8 Цалинтай болон цалингүй чөлөө, эмнэлэгийн хуудсаар авсан чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

10.5  Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

10.6 Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлын шугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

Арван нэг. Бусад

11.1 Байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.