2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай

2580


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа.

 2020-01-02 09:00:46

2020 оны 01 сарын 02-ны өдөр                                       

        Дугаар А/01                                    

2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласугай.

     2.“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

      3.“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хэлэлцүүлэн батлуулахыг Ажлын хэсэг  /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

      4.Зорилтот жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.

     5.Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

      6.“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж, явц үр дүнг улирал тутамд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т, жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд тогтмол мэдээлж, сурталчлан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН