Нийслэл хотод өчигдөр олон цагийн турш усархаг аадар бороо орж, үерлэсний улмаас зарим замын зорчих хэсэгт эвдрэл үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон бусад холбогдох албаныхан Нийслэлийн бүх дүүрэгт шуурхай Ажлын хэсэг гаран газар дээр нь ажиллаж байна.
Энэ хүрээнд:
- Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж зүүн талын далан угаагдсан байна. Зам засварын ажил хийгдэж байна.
- Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэл Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн зам дагуу үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд дүүргийн Газрын албанаас шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ үеэр тус газар дээр ажилласан Ажлын хэсэг эрдэнэт хүний амь нас эрсдэх аюул болон болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй орчныг хангах үүднээс холбогдох арга хэмжээг авч, зөвшөөрөлгүй үерийн ус зайлуулах жалга дээр хашаа барьсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
- Орбит-Толгойт чиглэлийн уулзвараас Орбит-Баянгол чиглэлийн уулзвар хүртэлх 1.7 км авто замын 480 у/м-т явган хүний замын хашлага суурилуулах, нөхөөсийн ажил хийгдэж байна.
- Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны явган хүний зам суулт өгсөн байна. Засвар ажлын хүрээнд чулуун хучилтын чигжээсийг цементэн багсармалаар сэргээж, хазайсан тэмдгүүдийг тэгшлэх ажил хийгдэж байна.
- Сүхбаатар дүүргийн Оюутны гудамжийн авто замд 20 у/м хоёр суулт, 2 мкв нүхэн эвдрэл үүсч, зам засварын ажлыг тус тус шуурхайлан авч ажиллаж байна.