“Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн техникийн семинар зохион байгуулагдана

757

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар хамтран “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар техникийн семинарыг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оны 3-р сарын 29-нд зохион байгуулна.

 Төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Авто замын хучилтын хийц, хольц төсөллөх стандарт боловсруулах, боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх
  • Батлагдсан стандартын дагуу лабораторийн материалын туршилт, орц найрлага төсөллөх
  • Батлагдсан стандартын дагуу загвар төсөл хэрэгжүүлэх

Төслийн хүрээнд ЗТХТ-ийн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторид дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын багаж, даралтаар насжуулах зуух зэрэг нийт 30 нэр төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, холбогдох сургалтуудыг явуулсан. Мөн хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор зам дээр туршиж, үнэлэх загвар төслийг 2021 онд Налайх-Чойрын замын 101 дэх км-т нийт 850 м авто замд гүйцэтгэж асфальтбетон хучилтаас дээж авч, лабораторийн туршилт хийх, замын тэгш бус байдлыг хэмжих зэрэг хяналт, үнэлгээний ажлууд хийгдэж байна. 2022 онд НЗХГ-тай хамтран авто замын хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэл засварлах загвар төслийн ажлыг хэрэгжүүлэх юм.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон ЗТХЯ, ЗТХТ, НЗХГ-аас хэрэгжүүлж буй төсөл нь 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 2023 оны 2-р сард төслийн хугацаа дуусах юм.