МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

991

Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд нэг удаа уг хуульд өөрчлөлт орсон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны санал, зөвлөмжид үндэслэн нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлээс бүрдэх бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй харилцааг зохицуулахаар тусгажээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл .Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтоох, хөгжлийн бодлого, удирдлага, зохион байгуулалтын онцлог, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд болон төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, хуулийн этгээд, байгууллагатай харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж

2.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдалтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндэс, зохион байгуулалт

4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид “нийслэл хот” гэх/ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай эрх зүйн байдал бүхий хот мөн.

4.2.Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна.

4.3.Нийслэл хот нь дагуул хоттой байна.

5 дугаар зүйл.Нийслэл хотыг хөгжүүлэх бодлого

5.1.Нийслэл хотыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарчмыг баримтална.

5.2.Нийслэл хотын хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого нь үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд чиглэнэ.

5.3.Нийслэл хот нь нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгана.

6 дугаар зүйл.Нийслэлийн нутаг дэвсгэр болон нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэл

6.1.Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байна.

6.2.Нийслэл хот нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тэг гортиг бүхий эдэлбэр газартай байна.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан эдэлбэр газар нь бүсчлэлтэй байх бөгөөд эдэлбэр газрын бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар тогтооно.

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн эдэлбэр газрын бүсчлэл, бүсчлэлийн дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

6.5.Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй.

7 дугаар зүйл.Бэлгэ тэмдэг

7.1.Нийслэл хот бэлгэ тэмдэгтэй байна.

7.2.Нийслэл хотын бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЧИГ ҮҮРЭГ, ДҮРЭМ

8 дугаар зүйл.Нийслэл хотын чиг үүрэг

8.1.Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д зааснаас гадна нийслэл хот болохын хувьд энэ хуульд заасан тусгай болон бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

8.2.Нийслэл хот нь дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.2.1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;

8.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах;

8.2.3.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;

8.2.4.нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;

8.2.5.нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;

8.2.6.нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;

8.2.7.энэ хуульд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт.

8.3.Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.3.1.нийслэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

8.3.2.нийслэлийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт;

8.3.3.орчны аюулгүй байдал;

8.3.4.хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;

8.3.5.хот, суурин газрын дахин төлөвлөлт;

8.3.6.нийслэлийн авто замын арчлалт, засвар, төлөвлөлт, хяналт;

8.3.7.хүн амын ундны болон ахуйн хэрэглээний төвлөрсөн усан хангамж;

8.3.8.нийслэлийн ус, дулааны төвлөрсөн бус инженерийн хангамж;

8.3.9.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;

8.3.10.гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт;

8.3.11.авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

8.3.12.гадаадын зээл, тусламжаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний нийслэлийн хариуцах хөрөнгө, зээлийн хүүгийн төлбөр;

8.3.13.нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт;

8.3.14.нийслэлийн нутаг дэвсгэр дэх дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэдийн аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ;

8.3.15.хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт;

8.3.16.хуульд заасан бусад.

8.4.Засгийн газар энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлд шилжүүлж болно.

9 дүгээр зүйл.Нийслэл хотын дүрэм

9.1.Хуулиар тусгайлан зохицуулаагүй асуудлыг нийслэл хотын дүрмээр зохицуулж болно.

9.2.Нийслэл хотын дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

9.3.Нийслэл хотын дүрмийг олон нийтэд тайлбарлан таниулсны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т заасны дагуу бүртгүүлснээс хойш гурваас доошгүй сарын дараа дагаж мөрдүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

10 дугаар зүйл.Нийслэл хотын эдийн засгийн үндэс

10.1.Нийслэл хотын эдийн засгийн үндэс нь улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн нийслэлийн өмч, татварын болон татварын бус орлого, нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

10.2.Нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төрийн үүрэг бөгөөд энэ харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

11 дүгээр зүйл.Нийслэлийн төсөв

11.1.Нийслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1-д заасны дагуу бие даасан төсөвтэй байна.

11.2.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвөөс, 8.3-т заасан бусад чиг үүргийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

12 дугаар зүйл.Нийслэлийн өмч

12.1.Нийслэл өмчтэй байна.

12.2.Нийслэлийн өмч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1 дэх хэсэг, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгө болно.

12.3.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн өмчийн өмчлөх эрхийг хууль тогтоомжид заасны дагуу нийслэлд шилжүүлж болно.

13 дугаар зүйл.Нийслэлийн үнэт цаас

13.1.Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно.

13.2.Нийслэлийн үнэт цаас гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

14 дүгээр зүйл.Концесс олгох

14.1.Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Концессын тухай хуулийн дагуу зохицуулна.

15 дугаар зүйл.Нийслэлийн өмчит хуулийн этгээд

15.1.Нийслэл нь орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй байж болно.

15.2.Нийслэлийн болон нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хувийн өмчийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй ажил үйлчилгээг энэ хуулийн 15.1-д заасан хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

16 дугаар зүйл.Нийслэл хотын албан татвар

16.1.Нийслэл хот албан татвартай байх бөгөөд албан татварыг хуулиар тогтооно.

16.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтооно.

17 дугаар зүйл.Нийслэлийг хөгжүүлэх сан

17.1.Нийслэл нь нийслэлийг хөгжүүлэх сантай байж болно. Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

17.1.1.хотын стандарт, соёлыг хөгжүүлэх;

17.1.2.ухаалаг, цахим хотын хөгжлийг дэмжих;

17.1.3.үйлдвэрлэл, инновацыг дэмжих;

17.1.4.хөрөнгө оруулалтыг дэмжих;

17.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;

17.1.6.хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх;

17.1.7.ногоон хөгжлийг дэмжих;

17.1.8.аялал жуулчлалыг хөгжүүлэх;

17.1.9.эрсдэлийг бууруулах.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан сангийн хөрөнгө нь нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

17.4.Нийслэлийг хөгжүүлэх сангаас зээл олгох, өр, авлага үүсгэхийг хориглоно.

18 дугаар зүйл.Нийслэл хот дахь хөрөнгө оруулалт

18.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан этгээд нийслэлийн өмчит ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хөрөнгөд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасны дагуу ирүүлсэн хөрөнгө оруулалт хийх саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч шийдвэрлэнэ.

19 дүгээр зүйл.Нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг дэмжих

19.1.Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллаж нийслэл хотыг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан зөвлөл нь орон тооны бус байх ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч батална.

19.3.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 18.2-т заасны дагуу хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийг дараах баталгаагаар хангана:

19.3.1.энэ хуулийн 18.2-т заасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, цуцлах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журам, үндэслэлийг баримтлах;

19.3.2.хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр хангах;

19.3.3.хуульд өөрөөр заагаагүй бол газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэрээ өөрчлөхгүй байх;

19.3.4.хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох;

19.3.5.хуульд заасан бусад.

19.4.Нийслэл хотын удирдлага хуульд өөрөөр заагаагүй бол нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй байлгах үүднээс энэ хуулийн 18.1-д заасан хөрөнгө оруулалт авсан хуулийн этгээдийг дараах баталгаагаар хангана:

19.4.1.ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх;

19.4.2.нийтийн ашиг сонирхлын үүднээс хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр, зорилгоос хамаарч холбогдох журамд заасан зардлын санхүүжилтийг олгох;

19.4.3.хуульд заасан бусад.

19.5.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 19.3, 19.4-т заасан баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийг хэрэглэнэ.

19.6.Нийслэл хот дахь хөрөнгө оруулагчийг энэ хуулийн 19.3, 19.4-т заасан баталгаагаар хангах эсэхийг сонгохдоо нийслэл хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг шалгуур болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

20 дугаар зүйл.Нийслэл хотын удирдлага, түүний онцлог

20.1.Нийслэл хотын удирдлага дараах тогтолцоотой байна:

20.1.1.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

20.1.2.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч.

20.2.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатархотын Захирагч байх бөгөөд ажлын албатай байна.

20.3.Нийслэл хотын удирдлага шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг баримтална.

20.4.Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно.

21 дүгээр зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

21.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийн хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тайланг сонсох;

21.1.2.энэ хуулийн 8.3-т заасан бусад чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчийн тайланг дүгнэх;

21.1.3.нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн дүрэм, журам, стандарт, заавар батлах;

21.1.4.нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журмыг тогтоох;

21.1.5.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл, үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах зардал зэргийг харгалзан албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

21.1.6.хуульд заасан бусад.

22 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд

22.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;

22.1.2.энэ хуулийн 8.3-т заасан бусад чиг үүрэгтэй холбогдох тооцоо, судалгаа бүхий шийдвэрийн төсөл боловсруулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;

22.1.3.энэ хуулийн 22.1.2-т заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг хариуцах;

22.1.4.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох;

22.1.5.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг холбогдох журмын дагуу санаачлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах, хэлэлцүүлэх;

22.1.6.нийслэл хотыг хөгжүүлэх асуудлаар төсөл, хөтөлбөр санаачлах, төсөл, хөтөлбөрт санал, дүгнэлт өгөх, тухайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;

22.1.7.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар нийслэл хотын дагуул хотын Захирагчийг томилох, чөлөөлөх;

22.1.8.нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоож, мөрдүүлэх;

22.1.9.дотоод, гадаадад нийслэлийг төлөөлөх;

22.1.10.гадаад улсад нийслэл хотыг төлөөлөх этгээдийг томилох, чөлөөлөх;

22.1.11.зөвлөх эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

22.1.12.Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ шилжүүлэх;

22.1.13.хуульд заасан бусад.

22.2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.7, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14, 24.1.15, 24.1.16, 24.1.17, 24.1.18, 24.1.19, 24.1.21, 24.1.22, энэ хуулийн 8.3.3, 8.3.4, 8.3.6, 8.3.7, 8.3.8, 8.3.9, 8.3.10, 8.3.11, 8.3.12-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерт гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчаасшилжүүлэх бүрэн эрхийн хүрээ, хязгаар, тайлагнах, хяналт тавих журмыг тусгана.

22.4.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу бүрэн эрхээ шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

22.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.

23 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийн баталгаа

23.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.

24 дүгээр зүйл.Улаанбаатар хотын Ерөнхий менежер, түүний бүрэн эрх

24.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь нийслэл хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежер /цаашид “Ерөнхий менежер” гэх/-ийг томилж, чөлөөлнө.

24.2.Ерөнхий менежер ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчийн өмнө хариуцна.

24.3.Ерөнхий менежер дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.3.1.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

24.3.2.хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

24.3.3.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;

24.3.4.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн олгосон эрх хэмжээний хүрээнд хотын аж ахуйн асуудлаар дүүргийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг өгөх;

24.3.5.Улаанбаатархотын Захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчийг томилж, чөлөөлөх;

24.3.6.хуульд заасан бусад.

24.4.Ерөнхий менежер энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дүүргийн Засаг даргатай шууд харилцана.

24.5.Хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр Ерөнхий менежерийн өгсөн үүргийг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд биелүүлнэ.

24.6.Ерөнхий менежер эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах бөгөөд хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

25 дугаар зүйл.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

25.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар тогтооно.

25.2.Улаанбаатархотын Захирагч өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх хотын аж ахуйн асуудал хариуцсан газартай байх бөгөөд түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

25.3.Улаанбаатархотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нь Ерөнхий менежер байна.25.4.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

25.4.1.Улаанбаатархотын Захирагчид мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

25.4.2.Улаанбаатархотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

25.4.3.нийслэл хотын аж ахуйн асуудлыг судлах, шийдвэрийн төслийг боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

25.4.4.иргэн, хуулийн этгээдэд хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

25.4.5.хуульд заасан бусад.

ТАВДУГААР БYЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГА БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ

26 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

26.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагатай харилцана.

27 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай харилцах

27.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай дараах журмаар харилцана:

27.1.1.Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;

27.1.2.хуульд заасан чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах.

28 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

28.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэл хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрхлэх асуудлыг хамаарах төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж, биелэлтийг зохион байгуулна.

28.2.Төрийн захиргааны төв байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг үндэслэн салбарын болон салбар хоорондын шийдвэр гаргахдаа нийслэл хот, түүний оршин суугчийн нийтлэг эрх ашигт хамаарах асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчийн саналыг авсан байна.

28.3.Нийслэл хотыг энэ хуульд заасан тусгай чиг үүргээ хэрэгжүүлэхэд эрхлэх асуудлыг хамаарах төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

28.4.Холбогдох хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэмд нийцүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналыг авсан байна.

29 дүгээр зүйл.Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хоттой харилцах

29.1.Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлагатай нийслэл хотын эдийн засаг, нийгмийн асуудлаар хамтран ажиллаж болно.

29.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлага нийслэл хотын хүн амыг бараа, үйлчилгээгээр хангах, нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлнэ.

29.3.Нийслэл хотыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуй, хангамжийн байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэрт байгуулж, гэрээний үндсэн дээр ашиглаж болно.

30 дугаар зүйл.Нийслэл хотын удирдлагаас дүүргийн удирдлагатай харилцах

30.1.Нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд дүүргийн удирдлага туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

30.2.Дүүрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нийслэл хотоос хүний нөөц, техник, эдийн засгийн туслалцаа үзүүлнэ.

30.3.Нийслэл нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг хуульд заасны дагуу дүүрэгт шилжүүлэх, эсхүл дүүргээс шилжүүлэн авч болно.

30.4.Нийслэл хотын удирдлага дүүргийн оршин суугчдын нийтлэг эрх ашигт хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа тухайн дүүргийн удирдлагын саналыг авсан байна.

30.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь дүүргийн Засаг даргын санал, хүн амын тоо, үйлчилгээний хүртээмжийг харгалзан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

31 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

31.1.Нийслэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

31.2.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 8.2, 8.3-т заасан зарим чиг үүргээ холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.

31.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

32 дугаар зүйл.Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүрэг

32.1.Нийслэл хотын оршин суугч Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхээс гадна дараах эрхтэй:

32.1.1.нийслэл хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах;

32.1.2.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох;

32.1.3.нийслэл хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргах, хувь нэмэр оруулах;

32.1.4.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;

32.1.5.хуульд заасан бусад.

32.2.Нийслэл хотын оршин суугч дараах үүрэгтэй:

32.2.1.нийслэл хотын удирдлагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

32.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;

32.2.3.нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөх;

32.2.4.нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, орчныг цэвэр байлгах;

32.2.5.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрмийн дагуу орон байр, орчноо тохижуулах;

32.2.6.хуульд заасан бусад.

32.3.Нийслэл хотод зорчигч этгээд энэ хууль, бусад хууль тогтоомж, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

33 дугаар зүйл.Нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих

33.1.Нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, урамшуулна:

33.1.1.ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;

33.1.2.орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах;

33.1.3.орчны аюулгүй байдлыг хангах;

33.1.4.замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх;

33.1.5.хуульд заасан бусад.

33.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 33.1-д заасны дагуу хувь нэмэр оруулж, үр дүнд хүрсэн иргэн, хуулийн этгээдийг шалгаруулах, дэмжих, урамшуулах журмыг батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС

34 дүгээр зүйл.Нийслэл хотын дагуул хот, түүний зохион байгуулалтын үндэс

34.1.Нийслэл хотын дагуул хот /цаашид “дагуул хот” гэх/ нь нийслэл хоттой эдэлбэр газар, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, хот бүрдүүлэгч дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар мөн.

34.2.Дагуул хотыг нийслэлийн болон бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид, эсхүл засаг захиргааны нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид дамнан байгуулж болно.

34.3.Дагуул хотын эдэлбэр газрыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын эдэлбэр газартай давхардуулан олгож үл болно.

34.4.Дагуул хот дүрэмтэй байна. Хуулиар зохицуулснаас бусад дагуул хоттой холбоотой асуудлыг Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна.

35 дугаар зүйл.Дагуул хотыг байгуулах

35.1.Дагуул хотыг стратегийн ач холбогдол бүхий дараах нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал байгуулна:

35.1.1.улс, нийслэл болон тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;

35.1.2.аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол;

35.1.3.үндэсний болон олон улсын тээвэр, логистик болох газар зүйн байрлал;

35.1.4.олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ болох дэд бүтэц;

35.1.5.хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар нийслэл хотын төвлөрлийг сааруулахад үзүүлэх нөлөө;

35.1.6.шинжлэх ухаан, инновац, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төрөлжүүлэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх боломж.

35.2.Дагуул хотыг байгуулах шийдвэрт хотын нэр, эдэлбэр газрын хэмжээ, байршлыг тусгана.

36 дугаар зүйл.Дагуул хотын чиг үүрэг

36.1.Дагуул хотын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

36.1.1.нийслэл хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт;

36.1.2.хот тохижилт, олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт;

36.1.3.унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

36.1.4.авто замын арчлалт, хамгаалалт;

36.1.5.авто зогсоолын төлөвлөлт, арчлалт, хамгаалалт;

36.1.6.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

36.1.7.хөшөө дурсгалын арчлалт, хамгаалалт;

36.1.8.гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт;

36.1.9.хуульд заасан бусад.

36.2.Дагуул хот шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.2, 8.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

37 дугаар зүйл.Дагуул хотын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах баталгаа

37.1.Дагуул хотын удирдлага нь Захирагч, түүнд зөвлөх үүрэг бүхий дагуул хотын зөвлөлөөс бүрдэнэ.

37.2.Дагуул хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг дагуул хотын Захирагч гүйцэтгэнэ. Дагуул хотын Захирагчийг нээлттэй сонгон шалгаруулалт, сонсголын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч томилно.

37.3.Дагуул хотын зөвлөл 7-11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн гишүүнийг тухайн дагуул хот байрлах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, дагуул хотын нийгэм, эдийн засагт нөлөө бүхий хуулийн этгээдийн төлөөлөл, оршин суугчдаас нээлттэй сонгон шалгаруулж, томилно. Дагуул хотын Захирагч нь дагуул хотын зөвлөлийн дарга байна.

37.4.Дагуул хотын зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах болон ажиллах журмыг дагуул хотын Захирагч батална.

37.5.Дагуул хотын Захирагч ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.

37.6.Дагуул хотын Захирагчийн ажлын албаны төсвийг нийслэлийн төсөвт тусгайлан тусгаж батална.

37.7.Энэ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дагуул хотын Захирагч захирамж гаргах бөгөөд хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

38 дугаар зүйл.Нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс

38.1.Нийслэл хот нь эдийн засгийн тусгай бүс /цаашид “тусгай бүс” гэх/-тэй байж болно. Тусгай бүсийг дагуул хотод Засгийн газрын шийдвэрээр байгуулна.

38.2.Нийслэл хот нь таваас илүүгүй тусгай бүстэй байж болно.

39 дүгээр зүйл.Тусгай бүс байгуулах чиглэл

39.1.Тусгай бүсийг үйл ажиллагааны дараах чиглэлээр дагнан, эсхүл хослуулж байгуулж болно:

39.1.1.мэдээлэл технологи, инновац;

39.1.2.аялал жуулчлал, соёл амралт;

39.1.3.хүлэмж, агуулахын аж ахуй;

39.1.4.хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл;

39.1.5.агаарын хөлгийн засвар, үйлчилгээ, угсралт.

Тайлбар: -Энэ хуулийн 39.1.4-т заасан хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл гэдэгт согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэл хамаарахгүй.

41. дүгээр зүйл.Тусгай бүс байгуулах нутаг дэвсгэр, байршил, төлөвлөгөө

40.1.Тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг Засгийн газар тогтооно.

40.2.Тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

40.3.Энэ хуулийн 40.2-т заасан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

40.3.1.тусгай бүсийг хөгжүүлэх хөтөлбөр;

40.3.2.газар, дэд бүтцийн хөтөлбөр;

40.3.3.хүн амыг суурьшуулах эсэх.

40.4.Тусгай бүсэд хүн амыг суурьшуулахгүй тохиолдолд тусгай бүсийн Захирагч нь уг асуудлыг тухайн засаг захиргааны нэгжийн удирдлагатай хамтран шийдвэрлэнэ.

40.5.Тусгай бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг аж ахуйн нэгжид нээлттэй дуудлага худалдаагаар болон төсөл сонгон шалгаруулалтаар олгоно.

41 дүгээр зүйл.Тусгай бүсийн Захирагч

41.1.Тусгай бүсийн Захирагч нь тухайн тусгай бүс орших дагуул хотын Захирагч байна.

42 дугаар зүйл.Тусгай бүсэд үзүүлэх татварын дэмжлэг

42.1.Тусгай бүсэд байнга байрлаж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжидүйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах төрлийн татварын дэмжлэгийг үзүүлж болно:

42.1.1.газрын төлбөр;

42.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

42.1.3.нийслэл хотын албан татвар.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасан татварын дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжоор зохицуулна.

43 дугаар зүйл.Тусгай бүсэд үзүүлэх татварын бус дэмжлэг

43.1.Тусгай бүсэд байнга байрлаж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжид үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:

43.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардалд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх;

43.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл, шаардлагуудыг хялбаршуулах;

43.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжид олгох.

43.2.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмаар зохицуулна.

44 дүгээр зүйл.Тусгай бүс дэх дэд бүтэц

44.1.Тусгай бүс дэх дэд бүтцийг энэ хуулийн 40.3.2-т заасны дагуу төлөвлөн хөгжүүлнэ.

44.2.Тусгай бүсийн дэд бүтцийг улсын болон орон нутгийн төсөв, нийслэлийн үнэт цаас, нийслэлийг хөгжүүлэх сан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж болно.

44.3.Саарал ус ашиглах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч бүхий эко дэд бүтэц байгуулахад энэ хуульд заасан татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж болно.

45 дугаар зүйл.Тусгай бүс дэх аж ахуйн нэгжийн бүртгэл

45.1.Тусгай бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж дагуул хотын ажлын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ:

45.1.1.Монгол Улсын хуулийн этгээд бол өргөдөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хураамж төлсөн баримт;

45.1.2.гадаад улсын хуулийн этгээд бол өргөдөл, гадаад улсын хуулийн этгээдийг гэрчилсэн баримт бичгийн хуулбар, итгэмжлэл, бүртгэлийн хураамж төлсөн баримт.

45.2.Тусгай бүсийн Захирагчийн ажлын алба энэ хуулийн 45.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянаж, холбогдох журамд заасан шаардлага хангасан гэж үзвэл тусгай бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох ба уг гэрчилгээ нь зөвхөн тухайн тусгай бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.

45.3.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг дараах үндэслэлээр тусгай бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасна:

45.3.1.тусгай бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй бол;

45.3.2.үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон бол;

45.3.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД

46 дугаар зүйл.Нийслэл хотын үйл ажиллагааны ил тод байдал

46.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу Нийслэл хотын удирдлагын шийдвэр, нийслэлийн төсөв, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх бөгөөд холбогдох шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор цахим хуудаст байршуулж, олон нийтийг танилцах боломжоор хангана.

47 дугаар зүйл.Нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа

47.1.Нийслэл хот нь гадаад улсын нийслэл болон бусад хот, олон улсын байгууллагатай хууль тогтоомжид заасан хүрээнд дараах хэлбэрээр хамтран ажиллана:

47.1.1.хамтын ажиллагааны гэрээ байгуулах;

47.1.2.олон улсын хотуудын холбоог үүсгэн байгуулах, гишүүнээр элсэх;

47.1.3.нийслэл хотын суурин төлөөлөгч харилцан солилцох;

47.1.4.хуульд заасан бусад.

47.2.Нийслэл хот энэ хуулийн 47.1-д заасан гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

48 дугаар зүйл.Нийслэл хотын өдөр, шагнал

48.1.Нийслэл хотын өдрийг жил бүр тэмдэглэнэ.

48.2.Нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнана. “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

48.3.”Нийслэл хотын хүндэт иргэн””-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

49 дүгээр зүйл.Нийслэл хотын судалгааны байгууллага

49.1.Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана.

51. дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

51 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

51.1.Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР