Буцаж эргэх нэмэлт сувагчлал үндсэн зорчих хэсэгт саад учруулахгүй

489

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд гүйцэтгэгч Хятадын төмөр замын 20-р товчоо групп компани Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас, Соёолжийн нүхэн гарцын хооронд Нарны замыг шинэчлэх юм. Батлагдсан зураг төслийн дагуу хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий Нарны замын 2 байршилд буцаж эргэх эргэлт байгуулахаар төлөвлөгдсөн.

Одоо байгаа Нарны замын буцаж эргэх хэсэгт тээврийн хэрэгсэл эсрэг урсгалын 2 эгнээ зорчих хэсгийг бүхэлд нь хаах, сувагчлалгүй тул давхар эргэх, улмаар зохиомол түгжрэл үүсгэх, тээврийн хэрэгслүүд мөргөлдөх, осол аваар гаргах аюултай нөхцөл бүрдүүлдэг байсан. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор буцаж эргэх эргэлтийн нэмэлт сувагчлал хийснээр, үндсэн зорчих хэсэгт саад учруулахгүй, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх ач холбогдолтой.

Цаг агаар хүйтэрч барилгын ажил зогсож байгаа тул Нарны замын шинэчлэлийн ажлыг 2022 оны дулааны улиралд үргэлжлэн гүйцэтгэхээр хойшлуулаад байна. Иймд барилгын ажлын талбайн цэвэрлэгээ, аюулгүй байдал хангах тэмдэг, хаалт байрлуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Нарны замын тусгаарлах зурвасын өргөсөлтийн хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй учир хуучин байсан байдалд оруулсан. Төслийн ажил батлагдсан зураг төслийн дагуу гүйцэд дууссаны дараа иргэдийн хөдөлгөөнд саад учрахгүй бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм.