Улаанбаатар хотод нэг сая мод тарих “Сая уушги-Сая мод” уриалга

738

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Сая уушги-Сая мод” уриалгыг харьяа нутгийн захиргааны байгууллагуудад гаргалаа. Энэхүү уриалгын хүрээнд агаарын бохирдлын хор уршиг, экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох, улмаар шинээр нэг сая мод тарих зорилго тавьсан байна. Мод тарих ажил 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ингэхдээ хаврын болон намрын мод тарилт гэсэн хугацаагаар явагдах юм байна.
Энэхүү нэг сая мод тарих зорилгын хүрээнд шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхон, гэр хорооллын гудамж, талбайд мод тарих тусгайлсан талбай гаргах, шинээр гэр бүл болж буй хосууд, анхны хүүхэдтэй болсон гэр бүлд зориулсан “Дурсамж” цэцэрлэгт хүрээлэн байгуулах, дүүрэг бүр бүх нийтээр мод тарих ажлыг уламжлал болгон зохион явуулах, ингэхдээ 1200 ам метрээс доошгүй талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргажээ. Мөн орон сууцны хотхон дунд 100 ам метр газарт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, айл өрх бүр хашаандаа гурваас доошгүй, орон сууц, гэр хорооллын гудамж, талбайд аж ахуйн нэгж, байгууллага бүр таваас доошгүй мод тарих уриалгыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.