ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

526

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, авто замын хөдөлгөөн харьцангуй сийрэгжсэн үед зам засвар, арчилгаа болон хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг НЗД бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар харьяа байгууллагуудад үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу зам засвар, арчилгааны ажил нийслэлд эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах ажлын хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20:00 цагаас 5-р сарын 8-ны өдрийн 06:00 хүртэл бүрэн хааж, засвар үйлчилгээний ажлыг хийнэ. Ажлын хэрэгжилт, гүйцэтгэл хэрхэн үргэлжилж байгаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар биечлэн танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. 2021 онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засвар, үйлчилгээнд 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө төсөвлөсөн бөгөөд үүнээс 500 сая төгрөгийг НИТХ-аас баталсан. Энэ төсөв нь гүүрэн болон газар доорх байгууламжийн засварын ажилд хангалттай бус ч засвар, арчилгааны ажлыг шуурхай, чанартай гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орсон учраас хөл хорио үргэлжлэх хугацаанд тусгай чиг үүргийн зайлшгүй ажиллах шаардлагатай 15 байгууллагын ажилтан албан хаагчдад нийтийн тээврээр үйлчлэх юм.