НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

2310

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2016 оны 10 сарын 12 өдөр               дугаар  А/718                           Улаанбаатар хот

 

Дүрэм батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын хөгжлийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Авто замын газрын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/92 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд

                               Улаанбаатар хотын Захирагч                 С.Батболд

Нийслэлийн  Засаг  даргын 2016 оны

 10  дугаар сарын 16 -ны өдрийн А/ 718

дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН

ГАЗРЫН  ДҮРЭМ           

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /цаашид “Газар” гэх/ нь авто замын тухай хууль тогтоомжийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл шинэчлэлт, засвар, ашиглалт, арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

1.2. Газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын хууль ёсны шийдвэр, энэ дүрмийг удирдлага болгох бөгөөд хууль дээдлэх, төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримталж ажиллана.

1.3. Газар Нийслэлийн Засаг даргын удирдлага дор үйл ажиллагаа явуулна.

1.4. Газар тогтоосон журмын дагуу хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд төрийн санд харгалзан данстай байна.

Хоёр. Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц

2.1. Газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтооно.

2.2. Газрын даргыг Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. Газрын орлогч даргыг Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Газрын дарга томилж, чөлөөлнө.

2.3. Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга батлана.

2.4.Газрын дарга дараахь эрх, үүрэгтэй:

2.4.1. газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

2.4.2. байгууллагын хэмжээнд сахилга, дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулан, ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллах;

2.4.3. хуулиар тогтоосон эрх, хэмжээний хүрээнд албан хаагч, ажилтнуудыг томилж, чөлөөлөх;

2.4.4. хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөрийн дотоод журам батлах, ажилтнуудын цалин, урамшууллыг тогтоож, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал, заавар, дүрэм, журам гаргаж мөрдүүлэх;

2.4.5. хэлтэс, нэгжийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах;

2.4.6. байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой тогтоож, ажлын байрны чиг үүргийн давхардал, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадваржуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

2.4.7. төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж ажиллах;

2.4.8. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын байгууллагатай Нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцах;

2.5. Газрын даргын дэргэд байгууллагын зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг газрын дарга батална.

2.6. Хууль тогтоомжид заасан болон Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн бусад эрх, үүрэг;

Гурав. Газрын үндсэн чиг үүрэг

3.1. Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн авто замын салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах;

3.2. нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх, урсгал засвар, ашиглалт, арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулж, захиалагчийн болон лабораторийн хяналт тавих, ашиглалтад хүлээлгэн өгөх;

3.3. нийслэлийн авто замын сүлжээнд гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас үүссэн эвдрэл, гэмтлийг засварлан хэвийн байдалд оруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулах;

3.4. төлбөртэй зогсоолын үйл ажиллагааны орлого болон Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн авто зам ашигласны төлбөрөөс Нийслэлийн авто замын санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.5. Авто замын тухай хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, биелэлтийн явц, үр дүнг тогтмол тайлагнаж ажиллах;

3.6. Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж байгаа ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллийг шуурхай гаргаж өгөх;

3.7. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах, санал өгөх;

3.8. Авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах, инженерийн шугам сүлжээ, орц, гарц, авто зогсоол шинээр хийх, өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвшилцөх, зураг төсөлд санал өгөх, зөвшөөрөл олгох, хяналт тавих;

3.9. нийслэлийн авто замыг хөгжүүлэх дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орны ижил төстэй байгууллагатай Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлтэйгээр хамтран ажиллах;

3.10. нийслэлийн авто замын салбарын хөгжил, цаашид баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж Нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.11. авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалтын ажилд захиалагчийн болон лабораторийн хяналт тавьж, зураг төсөл, технологи зөрчиж, чанаргүй гүйцэтгэсэн этгээдээр учирсан хохирлыг арилгуулах, гэрээний хариуцлага тооцох, зогсоох хүртэл арга хэмжээ авах;

3.12. гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр зорчих зөвшөөрөл олгох асуудлыг Замын цагдаагийн газартай хамтран шийдвэрлэх;

3.13. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх зорилгоор авто зам, замын байгууламжийг эвдэх, сэтлэх, сүвлэх шаардлагатай тохиолдолд холбогдох журмын дагуу зөвшөөрөл олгох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах;

3.14. нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан авто зам, замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх, замын мэдээллийн санд бүртгэх, баяжуулах, паспортжуулах ажлыг зохион байгуулах;

3.15. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;

Дөрөв. Хариуцлага

4.1. Энэ дүрмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тав. Бусад зүйл  

5.1. Энэ дүрэмд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн салшгүй хэсэг болно.

5.2. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.