Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам

13136

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 23 өдөр                  Дугаар 4/27                     Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” дэх заалт, нийслэлийн Засаг даргын өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  ТОГТООХ нь:

Нэг. “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

 

ДАРГА                                  Т.БИЛЭГТ

 

 

 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН

ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгүй болгох, замын тегжрэл, саатлыг багасгах, зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх байгууллага /цаашид “үйлчилгээ эрхлэгч” гэх/ хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, мөн Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн энэхүү журмыг болобвсруулсан болно.

1.3. Журмыг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Авто замын газар хариуцан зохион байгуулж, тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн орлогын гүйцэтгэлд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Татварын газар тус тус хяналт тавина.

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

1.4. Нийслэлийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай дахь тээврийн хэрэгслийн зогсоолын талбайгаас төлбөр авч байгаа бүх үйлчилгээ энэхүү журмын дагуу зохицуулагдана.

ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ОЙЛГОЛТ

2.1. “Гудамжны гаднах задгай ил зогсоол”-Хотын эзэмшлийн буюу харьяалагдах,  гудамжны гаднах     газарт байрлах, тээврийн хэрэгсэл зогсох зориулалтын талбай:

2.2. “Гудамж, зам дээрх зогсоол”- Гудамж, замын зураасын орон зай дахь тээврийн хэрэгслийг түр болон удаан хугацаагаар зогсоох зориулалтын зогсоол:

2.3.  “Үйлчилгээ эрхлэгч”- Ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийг байрлуулахаар зогсоол төлөвлөж байгуулсан авто зогсоолын талбайн үйлчилгээ эрхлэгч этгээд:

2.4.  “Зогсоолын төлбөрийн төхөөрөмж”- Зогсоолоор үйлчлүүлсний төлбөрийг авахад зориулагдсан механик болон электрон төхөөрөмж:

2.5. “Төлбөртэй зогсоол”- Ажлын өдрүүдэд 09:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийг төлбөртэйгөөр зогсоох зогсоол:

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

3.1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар /цаашид “хэрэгжүүлэгч байгууллага” гэх/ нь төлбөртэй зогсоолын үйлчилгээ явуулах эрх бүхий хэрэгжүүлэгч байгууллага байна.

3.2. Нийслэлд тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн хэмжээг Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан Засаг даргын захирамжаар тогтоон мөрдүүлнэ.

ДӨРӨВ. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ

4.1. Хэрэгжүүлэгч байгууллага нь тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг хэрэгжүүлэх талаар дараах эрх эдэлнэ.

4.1.1. Авто замын тухай, Авто тээврийн тухай хууль болон авто зогсоолын норм стандартын хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд тодотгол, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх:

4.1.2. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг өргөжүүлэх болон түүнтэй холбоотой техник, технологийн талаарх орон нутгийн төрийн захиргааны бодлогыг хэрэгжүүлэх:

4.1.3. Тээврийн хэрэгслийн зогсоолын жилийн төсвийг санхүү, төсвийн холбогдолтой хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулах:

4.1.4. Тээврийн хэрэгслийн холбогдох хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулах:

4.1.5. Төлбөртэй зогсоолын хөрөнгө орууулалт, сангийн бүрдүүлэлт, төлбөртэй зогсоолын цагийн хуваарь, үйлчилгээний үнэ, тариф, хэрэгжилтийн байдлын талаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнан мэдээлнэ.

ТАВ. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

5.1  Хэрэгжүүлэгч байгууллага дараах үүрэг хүлээнэ.

5.1.1. Төлбөртэй зогсоолыг батлагдсан зураг, төслийн дагуу байгуулах:

5.1.2. Хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс орох орлогыг Авто замын санд төвлөрүүлэх:

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

5.1.3. Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаар холбогдох стандарт, техникийн шаардлагуудыг мөрдүүлэх:

5.1.4. Зогсоолын үйлчилгээ эрхлэхээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавих:

5.1.5. Зогсоолын үйлчилгээний талбайн эрэлт, хэрэгцээг тооцож, судалгаа хийх, шинээр төлбөртэй зогсоох байгуулах шийдвэр гаргуулах:

5.1.6. Зогсоолын үйлчилгээг боловсронгуй болгох:

ЗУРГАА. ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ

6.1 Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгчийн эрх

6.1.1. Үйлчлүүлэгчдээс зогсоолын үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой хууль, дүрэм, журмыг биелүүлэх шаардлага тавих, энэхүү журамд заасан хариуцлага хүлээлгэх:

6.1.2. Хэрэгжүүлэгч байгууллагаас тээврийн хэрэгслийн зогсоолтой холбоотой стратеги, бодлого, төлөвлөлт, холбогдох эрхзүйн актыг шаардах:

6.1.3. Зогсоолын техникийн нөхцөл, шаардлагыг хангахгүй, галын болон бусад төрлийн аюултай, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлд зогсоолоор үйлчлэхээс татгалзах:

ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ҮҮРЭГ

7.1 Үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэг хүлээнэ.

7.1.1. Хариуцаж буй зогсоолын үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу эрхлэх:

7.1.2. Орон нутгийн захиргааны байгууллагаас тээврийн хэрэгслийн зогсоолын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхтэй холбоотой тавьсан шаардлагыг биелүүлэх:

7.1.3. Зогсоолын төлбөрийн төхөөрөмжийг байршуулах:

7.1.4. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын баталсан цагийн хуваарийг баримтлах:

7.1.5. Хэрэгжүүлэгч байгууллагад сар, улирал, жилээр үйл ажиллагааны тайлан мэдээ гаргаж өгөх:

7.1.6. Зогсоолын тохижилтийн асуудлыг бүрэн хариуцаж, шаардлагатай засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байх:

7.1.7. Зогсоолын ажилчдыг зориулалтын хувцас, хөдөлмөрийн багаж шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад техник хэрэгслээр хангах:

7.1.8  Зогсоолыг хашаа, хайсаар хашиж хаахгүй байх:

НАЙМ. ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ

8.1 Зогсоолоор үйлчлүүлэгч нь дараах эрх эдэлнэ.

8.1.1. Үйлчлүүлэгч нь тээврийн хэрэгслийн техникийн нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан зогсоолоор үйлчлүүлэх:

8.1.2. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолтой холбоотой санал, гомдол, хүсэлт гаргах:

8.1.3. Зогсоолын үйлчилгээний талааар үнэн зөв мэдээлэл авах:

8.1.4. Үйлчлүүлэгч нь үйлчилгээний төлбөр төлсөн баримт авах:

ЕС. ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ

9.1 Зогсоолоор үйлчлүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ.

9.1.1. Зогсоолын техникийн нөхцөл, шаардлагыг хангасан галын болон бусад төрлийн аюулгүй, ачаа, даац хэтрээгүй тээврийн хэрэгслийг зогсоолд тавих:

9.1.2. Үйлчлүүлэгч нь зөвхөн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээний дагуу тээврийн хэрэгслийг байрлуулах:

9.1.3. Зогсоолын үйлчилгээний хөлсийг төлөх:

АРАВ. ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР

10.1  Төлбөртэй зогсоолын төлбөрийн хэмжээ нь нэг цагт 200 төгрөг байна.

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

10.2. Сар, улирал, жилээр урьдчилан төлбөр хийх тохиолдолд төлбөрийн хэмжээнд нэг цагийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

10.3. Галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолын талбай нь төлбөрөөс чөлөөлөгдөнө.

10.4. Байгууллагын өмнөх нийтийн эзэмшлийн зогсоолын төлбөрийг тухайн байгууллага нь сар, улирал, жилээр тооцож урьдчилан төлж болно.

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

АРВАН НЭГ. ХАРИЦЛАГА

11.1. Галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолын талбай, мөн зориулалтын бус газарт тээврийн хэрэгслийг байрлуулсан тохиолдолд тухайн үйлчлүүлэгч нь цагийн төлбөрийг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлнө.

11.2.  Урьдчилсан төлбөртэй зогсоолын талбай болон зогсоол хааж тээврийн хэрэгслийг байрлуулсан тохиолдолд тухайн үйлчлүүлэгч нь цагийн төлбөрийг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлнө.

/НИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

11.3. Энэ журмыг зөрчиж, тавигдсан шаардлагыг биелүүлээгүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газартай хамтран арга хэмжээ авна.

АРВАН ХОЁР. БУСАД ЗҮЙЛ

12.1 Энэхүү журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохицуулна.