Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын түүхт 381 жилийн ой, Монгол Улсад авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярын мэнд хүргье

2470

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын түүхт 381 жилийн ой, Монгол Улсад авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярын мэнд хүргье. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй.Нийслэл хот маань 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байсан удаатай. Түүхэн он цагийн нугачаанд тэнцэж босон хүнд бэрх зам бишгүй туулж байж нийслэл хот маань өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Нийслэл хотынхоо хөгжлийн тулгын чулууг анхлан босгож, ямар ч цаг үед тулган дахь галаа бөхөөлгүй өрдөн бадрааж ирсэн өвөг дээдсийнхээ гавьяа зүтгэл, гарамгай үйлсээр бид ямагт бахархдаг. Нийслэлийн хөгжлийг түүчээлсэн үе үеийн ахмадуудынхаа үйлс бүтээлийг үр хойчис бид өнө мөнхөд үргэлжлүүлж, дэвжээн бадраах учиртай.