Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотод хийгдэх тохижилт, авто зогсоолын бэлтгэл ажилтай танилцлаа

1068

Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудлуудын нэг нь авто замын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоол байхгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарсан байдаг.  Тиймээс замын  түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, бүтээн байгуулалтын улиралд авто зогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг бүрэн шийдэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон  холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Тэд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг МТ шатахуун түгээх станцаас баруун тийшхи талбай, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-р байрны хажууд баригдах олон давхар зогсоол, 11-р байрны  зүүн талд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлуулах боломжгүй байна. Эмнэлэгт ихэвчлэн яарч сандарсан өвчтэй хүмүүс ирдэг. Тухайлбал, бидний ирээд байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд гэмтэж бэртсэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд ирээд машинаа байрлуулах зогсоол хайсаар байгаад цаг хугацаа алддаг Тиймээс бидний энэ жилийн томоохон зорилт бол улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх явдал. Үүний нэг нь Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоол. Одоо бол 40-50 машин ирэхэд дүүрчихэж байна. Үүнийг 180 автомашины зогсоолтой, 3 тийшээ гардаг гарцтай болгох шаардлага байгаа” гээд тус эмнэлэгийн удирдлагууд болон харъяа агентлагийн дарга нарт тодорхой чиглэлээр үүрэг өгсөн юм. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг, томоохон эмнэлгүүдийн нэг. Зогсоолын хүртээмж муугаас иргэдэд багагүй чирэгдэл учирдаг. Тиймээс тус эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулах зураг төсөл бэлэн болсон бөгөөд 5 дугаар сард ажил эхэлж, 6 дугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Мөн эмнэлгийн зүүн талын зам 1 урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах зэрэг хүндрэл гардаг. Үүнийг 2 урсгал 2 эгнээтэй болгож  өргөтгөхөөр шийдвэрлэлээ.

Мөн хотын зарим хэсэгт төлбөртэй зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Бид төлөвлөсөн 70 орчим байршлаа хувийн хэвшлийнхэнд өгч, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төлбөртэй зогсоолуудыг бий болгоно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулна.” хэмээв.

Хотын даргаар ахлуулсан албан хаагчдын очсон СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд 900 ам метр хэмжээтэй газарт 62 ширхэг тоосгон гараж байгаа юм. Үүний оронд 4 давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан хэлэхдээ “400 автомашины дулаан зогсоол барих төслийн зураг төсөл бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна. 5 дугаар сарын эхэн гэхэд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гаражнуудын эзэмшигчидтэй тохиролцоно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.