ЯВГАН ХҮНИЙ “НҮХЭН БОЛОН ГҮҮРЭН ГАРЦ”-НЫ ЗАГВАР ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫГ ДАХИН ЗАРЛАЛАА

2295

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан.

Тус уралдаанд 4 баг оролцон 7 бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж Уралдааны удирдамж, уралдааны даалгаварт заасан шаардлага, онцгой нөхцөлийг хангасан бүтээл ирүүлээгүй тул уралдааны хугацааг сунгаж, Явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлахаар шийдвэр гарсаны дагуу уралдааныг дахин зарлаж байна.

Уралдаан дүгнэх комиссын шийдвэрийн дагуу явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд дахин зарлаж байна.

Дараах байршлуудаас сонгон явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг боловсруулсан байна.

Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц;
Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц;
Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих;
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц.
Сонгон байршилд дахь явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулахдаа гүүрийн загвар, хийцийг хүрээлэн буй орчин, ерөнхий төлөвлөгөө, хэрэгжихээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан өнгө үзэмж сайтай, стандартад нийцсэн, шинэлэг шийдлээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар – 321943
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар – 325385