ГАЧУУРТЫН УУЛЗВАРААС НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20,9 КМ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

1387

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 60 гаруй жил болсон хуучин 2 эгнээ 20,9 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлын авто замын хөдөлгөөнийг нээх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Орлогч нар Б.Индра болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ: Налайх Чойрын чиглэлийн 20,9 км авто зам нь бид бүгд зорилго тавин хамтран ажиллаж чадвал маш богино хугацаанд том бүтээн байгуулалтын ажлыг хийж чадаж байгаагийн үлгэр жишээ боллоо гэдгийг онцлоод бүтээн байгуулалтад оролцсон удирдлагууд, гүйцэтгэгч компаниуд, инженер техникийн ажилчидад талархсанаа илэрхийллээ.

Замын хөдөлгөөн нээгдсэнээр босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадвар дээшилж, зүүн бүсийн аймгууд алслагдсан дүүргийг Нийслэлтэй холбох, Монгол улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болж байна.

Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, гүүрийн хөдөлгөөнийг Налайхын авто замтай хамтатган нээж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР