Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслол боллоо

905

Нийслэлийн Авто замын салбарын 2017 оны бүтээн байгуулалтын ажил  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих  Яармагийн шинэ гүүр  барих, хуучин гүүрийг засварлах” төслийн  ажлаар эхэлж байна.   Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих тус  төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.  Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  үйл ажиллагааны хөтөлбөрт  туссан  эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК  гүйцэтгэж байгаа юм.

Шав тавих ёслолыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь  гүүрийн шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм.   Хотын гүүрүүдийн ихэнх хувь нь хагас зуун жил ашиглагдсан  байгаа нь их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байна. Энэ  чухал бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийхээр тохиролцсон. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах ажил, Замын цагдаагийн газрын уулзварт   гүүрэн гарц барих  бүтээн байгуулалт, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрүүдийг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто    замыг өргөтгөн шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. Энэ дөрвөн том төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая ам доллар болж байгаа юм” гэв. Мөн тэрээр “Хэдий эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт чамлахааар байгаа ч гэлээ “Чамлахаар чанга атга” гэсэн өвгөдийн сайхан сургаалийн дагуу өөрт байгаа бүхий л нөөц бололцоог бүрэн дайчлан  ажиллаж, нийслэл хот хаврын бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж, богино хугацаанд иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө  ажиллаж байна. Нийслэл хотын  замын байгууламжийн гол судас болсон  гүүрнүүдийн барилгын шинэчлэл, өргөтгөлийн ажилд  бид  ирэх дөрвөн жилд ахиц авчирна” гэлээ.

Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250,2 у/м,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд  хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй, гүүр доогуур болон дээгүүрээ нэвтрэх замтай байх юм. Төслийн барилгын ажил 2017 оны дөрөв дүгээр сарын 15-наас 2019 оны арван нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

.