“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажлын хөдөлгөөнийг нээлээ

163

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүрийг шинээр барихаар тусгасны дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажлыг 2017-2018 онуудад хэрэгжүүлж, графикт хугацаанаасаа өмнө буюу өнөөдөр /2018.11.02/ төслийн хүрээнд баригдсан нийт /4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр/ авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөнийг нээлээ.

Нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр орлогч Ян Чин Дун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны зөвлөх  Сүн Вэй Рүн, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорацийн 5-р барилга угсралтын компаний ерөнхий захирал Гао Юн Жи, Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорацийн Улаанбаатар хот дахь төслийн захирал Ши Чи Жиан, Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК-ий захирал Г.Ууганбаяр нар болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Төслийн ажлын захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын зам барилгын тэргүүлэх компаниудын нэг Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпораци, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар ХБНГУ-ын “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа”ХХК амжилттай ажиллалаа.

Уг гүүрэн байгууламжийн хувьд шинэ гүүр нь  4 эгнээ бүхий 250 у/м урт, 20.5 м өргөнтэй, Д-рамп шинэ гүүр нь 276 у/м, 8.5 м өргөнтэй, хуучин гүүр нь 250 у/м, 9 м өргөнтэй, 57 у/м тунелтэй юм.

Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол барих төслийн ажил нь шинээр баригдах Яармагийн дэд төв, хотын захиргаа болон орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих, шинээр ашиглалтад орох Хөшигийн хөндийн ОУНБ-ыг хотын төвтэй холбох авто замын хөдөлгөөний зохион байгуулалтын оновчтой шийдэлтэйгээс гадна авто замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрэх чадвар сайжрах ба тэр хэрээр замын ачаалал 2-3 дахин буурах чухал ач холбогдолтой юм.