Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2018”-ын эзэд тодорлоо

841

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Энэ жилийн тусгай байрт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар хийгдэж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл шалгарлаа. Уг гүүрэн байгууламжийн хувьд шинэ гүүр нь  4 эгнээ бүхий 250 у/м урт, 20.5 м өргөнтэй, Д-рамп шинэ гүүр нь 276 у/м, 8.5 м өргөнтэй, хуучин гүүр нь 250 у/м, 9 м өргөнтэй юм.