Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ой тохиож байна

1697

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа, АЗБХЗХ-ын дарга Д.Доржханд, Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “2018 онд баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох 1030.2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс 345 км авто замыг 2018 онд, 685 км авто замыг 2019 онд, мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км авто замын үлдэж байгаа 249.7 км авто замын 163.9 км авто замыг 2018 онд, үлдэж буй 87.8 км авто замыг 2019 онд тус тус ашиглалтад оруулах юм” гэлээ.

Энэ үеэр Монгол Улсын авто салбар болон нийслэл Улаанбаатар хотын авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан байгууллагын инженер, техникийн ажилчдыг төрийн дээд медалиар шагнасныг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр нар гардууллаа.

Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Гүүрийн хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан,

НИТХ-ын “Хүндэт үнэмлэх” Инженерийн шугам сүлжээний мэргэжилтэн Т.Батбилэг,

Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн нарыг тус тус шагналаа.

Мөн ойн баярыг тохиолдуулан “Монгол Улсын Филармони”-д баярын хүндэтгэлийн тоглолт болж өндөрлөлөө.