Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ойн баярын мэндчилгээ

2251

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ойн баярын мэндийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа үе үеийн замчид, замаар үйлчлүүлж буй зорчигч та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Анх 1929 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд авто замын салбарыг хөгжүүлэх зорилгоор Тээн нэвтрүүлэх газрын Зам барилгын хэлтэстэй болсон нь авто замын мэргэжлийн байгууллага хөгжиж ирсэн түүхийн эхлэлтэй. Ийнхүү Монголын авто замын салбарын хөгжлийн түүхэн тэмдэглэлт чухал өдрийг өнөөдөр авто замчид бид 89 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай хамт олон 2018 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр 191 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнээс томоохныг дурдвал, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих зэрэг томоохон төслүүдийг амжилттай эхлүүлж, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажил хангаад байна. Мөн Гадна тойруугийн 4-р хэсэг болох Дарь эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн шинэ 3 км авто зам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил, үүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 850 м авто замын засвар шинэчлэлтийн ажлын амжилттай хэрэгжүүллээ.

Та бидний хамтын хүчээр Улаанбаатар хотын авто замын сүлжээ жилээс жилд өргөжин хөгжин, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж байгааг бахархан хэлэхэд таатай байна.

Та бүхний минь зам мөр нь тэгш, заяа буян нь дэлгэр сайхан байх болтугай.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.ТОГТОХБАЯР