Нийслэлийн 4 том уулзварт шар тэмдэглэгээний ажлыг хийж байна

995

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар тоот “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2018 оны 09 дүгээр сарын 28-ны А/900 тоот захирамжийн дагуу Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч байна.

Энэ дагуу Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг замын уулзварууд болон гол замтай нийлсэн гарц бүхий хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэл /YELLOW BOX JUNCTIONS/ хийх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Эхний ээлжид өчигдөр /2018.10.14/ Цэцэг төв, Багшийн дээдийн уулзвар дээр тус тус хийгдлээ. Үргэлжлүүлэн цаг уур, орчны шинжилгээний газар, үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийгдэх юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой байх юм.

Уг тэмдэглэгээг Нийслэлийн авто замын сангийн Магадлашгүй ажлын зардлаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэж байна.