Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр

165

Эрхэм нийслэлийн  иргэд ээ!  Хүндэт Замчид аа!

Та бүхэндээ учран золгож буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинэдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлэхийн   ерөөл өргөн мэндчилье.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний Цагаан сар бол Монгол түмний хахир өвлийн жаврыг өнтэй давсны, урин хавартай энх золгосны баяр, ахас ихэсээ хүндлэн дээдэлж, элгэн саднаараа уулзан золгодог их баяр цэнгэл билээ.    Монголчууд бид улиран одож буй жилээ хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтан золгож буй жилээ  буян хишиг дэлгэр байг хэмээн ажил үйлс, зам мөрөө тэгшлэн, билэг ерөөл дүүрэн угтдаг сайхан уламжлалтай. Та бидний хамтын хүчээр Монгол Улсын гал голомт  Улаанбаатар хотын маань авто замын сүлжээ жилээс жилд өргөжин тэлж, засвар арчлалт сайжирч байгааг бахархан хэлэхэд таатай байна. Бид өвлийг өнтэй сайхан давж, урин хавартай золголоо. Ирж буй тахиа жилдээ төлөвлөснөө хэрэгжүүлж, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх  зэрэг томоохон  төслүүдийн барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Улсын хөгжлийг авто замаар нь тодорхойл гэдэг билээ. Тиймээс нийслэлийн иргэд, нийслэлийн авто замаар зорчигч Монгол Улсын болон гадаад иргэдийн аюулгүй, ая тохьтой зорчих эрхийг хангахын төлөө хамтдаа зүтгэж,  “Аз жаргалтай Улаанбаатар”-таа амар амгалан, аз жаргалтай  амьдрах ерөөл өргөе. Айл хотол, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт ундарч, аз хийморьтой  байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний минь зам мөр нь тэгш, заяа буян нь дэлгэр сайхан байх болтугай.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр