ТӨРИЙН АЛБАНЫ САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ

909

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018  оны 08 дугаар сарын 22-ны өдөр                                                Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ
Дугаар 258

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасныг тус тус үндэслэн төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн    газраас ТОГТООХ нь:

  1. Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:

1.1. харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;

1.2. иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг өгөх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх;

1.3. төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

1.4. төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр шалгаруулж нөхөн томилох замаар төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх;

1.5. төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны  9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтныг томилох;

1.6. төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх;

1.7. төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;

1.8. төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;

1.9. төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах;

1.10. ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

  1. Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан хамтран улсын хэмжээнд зохион байгуулж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн       газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгаж, Төрийн албаны зөвлөл /Б.Цогоо/-д зөвлөсүгэй.
  2. Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран төрийн байгууллагуудад тогтмол зохион байгуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт, өөрийн эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллагад хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.
  3. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай. 5. Төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, нэвтрэх хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Төрийн тусгай хамгаалалтын газар болон төрийн бусад байгууллагын хамгаалалтын хүч хэрэгслийг нэмэгдүүлэх талаар судалж, холбогдох саналаа 2018 оны 8 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
  4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга            Г.ЗАНДАНШАТАР