Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан Ажлын хэсэг дараах гүүрүүд дээр  ажиллалаа

357

Өнөөдөр /2018.08.13/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох албаныхан БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Нийслэлд хэрэгжиж буй гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Нийслэлд томоохон дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Тодруулбал, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүр барих, Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төсөл, Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төсөл, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлууд хийгдэж байна.

ТУУЛ ГОЛ ДЭЭГҮҮРХ БАЯНЗҮРХИЙН 281.2 У/М ТӨМӨР БЕТОН ГҮҮР БАРИХ, СОНСГОЛОНГИЙН 289.4 У/М ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙГ ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ

Баянзүрхийн гүүрийн ажил зураг төслийн дагуу нийт 60 өрөмдмөл шон сууриас 45, захын тулгуурын нэг тулгуур болон завсрын тулгуураас 4 хуваарилах хавтан, 11 багана хийгдэж дууссан байна. 160 у/м далангийн ажил хийгдэж, 80 м газарт тэгшилгээний үе хайрцган дам нурууны арматурын хэлхээс зангидах ажил хийгдэж байна.  Ажлын явц 35 хувьтай байна.

Сонсголонгийн гүүрийн ажлын явцын хувьд гүүрийн нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, завсрын 2-7 дугаар тулгуурууд бүрэн цутгасан. Завсрын 8 дугаар тулгуурын усны бетон цутгах ажил хийгдсэн бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 90 хувийг эзэлж байгаа юм.

Мөн Завсрын 2-7 дугаар тулгуурын ригель болон 8 дам нуруу цутгасан. 175 ширхэг дугуй цохигч хийгдэхээс 35 ширхгийг цутгаж бэлдсэн байна. Ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

  1. ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ ТӨСӨЛ

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 96 өрөмдмөл шон сууриас 80 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суут суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 17, 42 баганан тулгуур хийхээс 14 багана, 3 баганын холбоосноос 2-г тус тус гүйцэтгэсэн. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт сууриас 4 суурийн өрөмдлөг, бетон цутгалтын ажил, 1 захын тулгуур, 1 ригелийн ажлууд хийгдээд байна. Ажлын явц 30 хувьтай байна.

  1. ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮР БАРИХ, ХУУЧИН ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАХ ТӨСӨЛ

Үндсэн гүүрийн зорчих хэсгийг долоодугаар сарын 09-ний өдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор хуучин гүүрийг сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих ажлууд хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.