Нийслэлийн хэмжээнд далд хэлбэрийн 180 гаруй км борооны ус зайлуулах шугам сүлжээ бий

994

Нийслэл хотын хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг бөгөөд авто замын гадаргуугийн усыг 2000 орчим шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг.

Энэ оны тухайд 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байна. Сүүлийн байдлаар усны гудамж, “И-Март” худалдааны төвийн уулзвар-Токиогийн гудамж, Ганц худгийн авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Энхтайваны гүүрний зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарц зэрэг газруудад ус зайлуулах шугамын ажил үргэлжлүүлэн хийж байна.

Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ шүүрт болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг боловч зарим иргэн, аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэл үүсдэг. Үүнд, Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг юм. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, зам талбайн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулж байна.