Шинэ замаа байнгын ашиглалтад хүлээж авлаа

671

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор он дамжин хийгдэж буй ажлуудын нэг болох Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барих ажил амжилттай хэрэгжлээ. Энэхүү шинэ замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Трүй Рөүд” компанийн замчид гэрээт хугацаанаасаа өмнө, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.

Шинэ зам нийтдээ 1.47 км урт, зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй бөгөөд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн арын замаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны авто зам, түүнчлэн Толгойт, Тахилт, Баянголын амны томоохон замуудыг холбох нэг холбоос зам юм. Ингэж холбосноор хотын баруун тойруу буюу Энхтайвны өргөн чөлөөтэй параллель, хэвтээ тэнхлэгийн 13 км сүлжээ зам бий болж байна.

Мөн энэ онд Толгойт-Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замд их засвар хийснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний баруун тойруугийн нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал эрс буурна. Нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдал хангагдан, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, аюулгүй зорчих нөхцөл улам нэмэгдсээр байгааг шинэ замын ёслолын ажиллагаанд оролцсон холбогдох албаныхан болон иргэд олон нийтийн төлөөлөл онцолж байна.

/Замын нээлтийн ажиллагааны талаар сурвалжилсан ulaanbaatar.mn, UBS, TV5, Star телевиз, Үндэсний шуудан, Монцамэ, Үнэн сонин, news.mn, arslan.mn сайтуудын өнөөдрийн мэдээг та хүлээн аваарай./