Нийслэлд хийгдэж байгаа Авто замын урсгал засварын ажилтай танилцлаа

56

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжих Авто замын урсгал засвар нөхөөсний 15, заадасны 4 хороолол доторх зам засварын 2   нийт 21 багц   ажлын  гэрээ хийгдэж, засварын ажил эхлээд байна.  Иргэдийн зорчих ая тухыг хангах,  хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс  засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаар ахлуулсан ажлын хэсэг  урьд шөнө авто замын урсгал засварын ажлын явцтай танилцлаа. Шөнийн 23:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөний нүхэн засвар нөхөөсний  ажилтай танилцав. Ажлын гүйцэтгэгчээр УБЗЗАГ ОНӨААТҮГ ажиллаж байгаа бөгөөд  Ажлын явц 10 хувьтай байна. НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра гүйцэтгэгч компаниудад хандаж “Замын хаалт, тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, авто замын урсгал засварын ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх” үүрэг өглөө.

Энэ онд нийслэлийн гол болон туслах 17 гудамжны 100 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын  засварын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд засварын ажил  40  хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн гол болон туслах 140 гудамж, замд 30 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийх бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Б.Ренчингийн гудамж, Усны гудамж, Ноён хутагт Данзанравжаагийн гудамж, Замчдын гудамж, Хувьсгалчдын гудамж, Дунд голын гудамж,  Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөөнд засварын ажил хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа авто замын нийт урсгал засварын  ажил 6 сарын 14 гэхэд дуусна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.