Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

1741

Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2018 оны 01 сарын 19-ний өдөр              Дугаар А/43                 Улаанбаатар хот

Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах

талаар авах зарим арга

хэмжээний тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2017 оны 337 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төсвийн сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулах зорилгоор дараахь арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

1.1.дүүргүүдийн Засаг дарга, бүх шатны орон нутгийн төсвийн шууд захирагч нарт:

-Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон 2018 оноос хэрэгжиж эхлэх татварын хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах;

-батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, аливаа өр, авлага үүсгэхгүй байхаар зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өр үүсгэсэн болон тендер шалгаруулалтыг зохион байгуулж үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага ногдуулж, гарсан зөрчлийг тухай бүр арилгах;

-арилжааны банк дахь бүх шатны төсвийн байгууллагын цалингийн болон жижиг мөнгөн сангийн данснаас бусад дансыг хааж, төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн арилжааны банк дахь дансыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд шуурхай зохион байгуулах, цаашид төсвийн байгууллага арилжааны банкинд шинээр данс нээхгүй байх;

-улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг нэр, төрөл бүрээр сар, улирлын хуваарийн дагуу жигд ханган биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах;

-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, шалгарсан гүйцэтгэгчтэй 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлсэн байх;

-худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр /tender.gov.mn/ зохион байгуулан, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж,  нийтэд мэдээлэх;

-бараа худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа үндэсний үйлдвэрлэлийн барааг импортоор ирж байгаа бараанаас тусад нь багцалж зохион байгуулах;

-2018 оны төсөвт тусгасан нэг маягийн загвар зургийн дагуу хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний холболтын зураг төсвийн зардлыг тухайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дүнд багтаан хэрэгжүүлэх;

-Сангийн сайдын 2017 оны 348 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт хөтлөх аргачлал”-ыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон төсвийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хөтлөх;

-2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн дүгнэлтээр гарсан зөрчил, дутагдлыг дахин гаргахгүй байх;

-орон нутгийн төсвийн суурь зарлагад нэмж тусгагдсан хөрөнгийн зардал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон орон нутагт үүссэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулалтын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн үр ашигтай зарцуулах;

-дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх.

1.2.дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад:

-шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулан, дүнг I улиралд багтаан танилцуулахыг Нийслэлийн Дотоод аудитын алба /Б.Жавзан/-д;

-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг нэр, төрөл бүрээр сар, улирлын хуваарийн дагуу жигд ханган биелүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар /Г.Болорсүх/-т;

-агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг зориулалтын дагуу үр ашигтай, оновчтой зарцуулж, энэ чиглэлээр олон улсын түншлэгч байгууллага, иргэд болон олон нийтийн идэвх санаачилгыг дэмжин хамтран ажиллаж, үр дүнг тогтмол нээлттэй мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар /Б.Цацрал/-т;

-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Б.Болормаа/-т болон холбогдох бусад агентлагийн дарга нарт, дуусаагүй байгаа барилга байгууламжийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/, Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т тус тус;

-нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто замын өргөтгөл шинэчлэлт, шинээр барих болон авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлуудыг баталсан стандарт, норм, нормативын дагуу дулааны улиралд хугацаанд нь гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т.

2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД