“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил үргэлжилж байна

214

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг   2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг  сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой юм.

Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250,2 у/м,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд  хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр байна. В, С рамп  зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.

Хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн  ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх,   явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.

2017 онд  шинэ гүүрийн 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох D рампын  тулгуур ригель цутгалтын ажлыг хийж дуусгасан бөгөөд 2018 оны бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ