Мэндчилгээ

156

Та бүхэндээ учран золгож буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинэдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлэхийн   ерөөл өргөн мэндчилье.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний Цагаан сар бол Монгол түмний  урин хавартай энх золгосны баяр, ахас ихэсээ хүндлэн дээдэлж, элгэн саднаараа уулзан золгодог их баяр цэнгэл билээ.    Монголчууд бид улиран одож буй жилээ хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтан золгож буй жилээ  буян хишиг дэлгэр байг хэмээн ажил үйлс, зам мөрөө тэгшлэн, билэг ерөөл дүүрэн угтдаг сайхан уламжлалтай. Та бидний хамтын хүчээр Монгол Улсын гал голомт  Улаанбаатар хотын авто замын сүлжээ жилээс жилд өргөжин тэлж, засвар арчлалт сайжирч байгааг бахархан хэлэхэд таатай байна. Бид өвлийг өнтэй сайхан давж, урин хавартай золголоо. Өнгөрөн одож буй тахиа жилдээ төлөвлөснөө хэрэгжүүлж, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих зэрэг томоохон  төслүүдийг амжилттай эхлүүллээ. Мөн гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг-Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1,4км зам 57у/м гүүрийг шинээр барих, “Баруун тойруу” авто замын сүлжээг барих ажлын хүрээнд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3км авто замыг барьж эхлэн, гол гудамж, замуудын хөдөлгөөн сайжруулах ажлын хүрээнд  ХААИС, Авто плаза, Өгөөж, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэв.

Баянзүрх дүүрэгт Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд,  48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц”,  Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1км авто зам, Аялал жуулчлалын 2,05км авто замын барилгын ажлуудыг гүйцэтгэж, он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт болон ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 16 дугаар хороо, 26-р байрны гаднах нийтийн эзэмшлийн авто машины зогсоолыг шинээр барих зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэсэн амжилтаар нохой жилтэй угтан золгож байна.  Улсын хөгжлийг авто замаар нь тодорхойл гэдэг билээ. Тиймээс нийслэлийн иргэд, нийслэлийн авто замаар зорчигч Та бүхнийхээ аюулгүй, ая тохьтой зорчих эрхийг хангахын төлөө бид цаашдаа ч хичээн ажиллах болно.  “Аз жаргалтай Улаанбаатар”-таа амар амгалан, аз жаргалтай  амьдрах ерөөл өргөе.

Айл хотол, ахан дүүсээрээ дүүрэн жаргалтай, түвшин амгалан, ажил үйлс нь бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт ундарч, аз хийморьтой  байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний минь зам мөр нь тэгш, заяа буян нь дэлгэр сайхан байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга              Ж.Тогтохбаяр