ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

10933

 

         ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН                                                                      БАЙГУУЛАХ ЖУРАМ

                                                     Нэг. Ерөнхий зүйл

  • Энэхүү журмын нийтлэг зорилго нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах болон түүний хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  • Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас, дотоод хяналт шалгалтын талаар гаргасан шийдвэрийг удирдлага болгоно.

                                                       Хоёр. Зорилго

  • Дотоод хяналт, шалгалт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.
  • Дотоод хяналт, шалгалтын зорилго нь байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дээд газрын тогтоол шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, аливаа эрсдэлээс хамгаалах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.
  • Дотоод хяналт шалгалтыг удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаа, эрх бүхий албан тушаалтнууд, хэлтэс, нэгжийн нийт албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын санал гомдлыг бүрэн хамарсан байвал зохино.

                Гурав. Дотоод хяналт, шалгалтыг зохион                      байгуулах албан тушаалтан, түүний эдлэх эрх

  • Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг Захиргаа санхүүгийн хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн гүйцэтгэнэ.
  • Дотоод хяналт шалгалтыг газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.
  • Дотоод хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулахдаа байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиглэл, зохион байгуулалтын бүтцийг харгалзан явуулах ба хяналт шалгалтын явцад хэлтэс, нэгж, албан тушаалтнаар шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулах, илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргуулж ажиллана.
  • Дотоод хяналт, шалгалтыг явуулахдаа байгууллагын үйл ажиллагаанд аливаа эрсдэл гарахаас хамгаалах, илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулах, зөрчлийг арилгуулах, зөрчил гаргахгүй байх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах шаардлагатай тохиолдолд  зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар газрын удирдлагад танилцуулж Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх.
  • Дотоод хяналт, шалгалтыг шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, шинжээчээр гүйцэтгүүлж болно.

 Дөрөв. Дотоод хяналт шалгалтыг зохион                                     байгуулах албан тушаалтан, түүний хүлээх үүрэг

    • Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, зорилт зорилгыг төрийн үйлчилгээний чиглэл, зохион байгуулалтын бүтэц, харъяалагдах хэлтэс, нэгжийн тоог харгалзан тухайн жилд хийх хяналт, шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөж ажиллана.
  • Дотоод хяналтын мэргэжилтэн нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл үүсэх, зөрчил дутагдал гарахаас урьдчилан сэргийлж, арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулж дүнг тайлагнаж ажиллана.
  • Дотоод хяналт, шалгалтаар байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх, удирдлагыг мэдээллээр хангах
  • Дотоод хяналт, шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгуулах, асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах
  • Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлж, биелэлт гаргаж тайлагнах
  • Шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шийдвэрлэлтийг бүртгэх, дотоод хяналт шалгалтын чиглэлийн материалыг эмх цэгцлэн хөтлөлт хийн байгууллагын архивд нэгж болгон хүлээлгэн өгөх
  • Дотоод хяналтын, мэргэжилтэн нь хяналт шалгалтын ажлын явцад аливаа эрсдэлээс хамгаалах, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч дүн шинжилгээ хийж, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ.
  • Дотоод хяналт шалгалтын чиглэлээр мэдээ мэдээллийг хамт олонд хүргэж, сургалт сурталчилгаа зохион байгуулах

Тав. Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа

  • Монгол Улсын хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр, байгууллагын дүрэм, дотоод журмаар хүлээсэн үүргийн хүрээнд хяналт шалгалт хийнэ. Үүнд:
    • Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй захирамжлалын баримт бичиг, албан хэргийн шийдвэрлэлт, иргэд аж ахуй албан байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, байгууллагын архив, бусад эрх зүйн бичиг баримтын хэрэгжилт;
    • Шалган бүртгэх товчооны үйл ажиллагаа, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн, үйл ажиллагааны хэрэгжилт;
    • Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах тогтоол, журмын хэрэгжилт;
    • Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт;
    • Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, байгууллагын дотоод журмын биелэлт;
    • Ажилтан, албан хаагчийн ажиллах журам болон ажиллагсдын ёс зүйн дүрмийн хэрэгжилт;
    • Өмчийн бүртгэлийн тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тавих хяналт шалгалт;
    • Дотоод хяналт, шалгалтын 5.1-д заасан хяналт шалгалтын ажлыг хяналтын хуудас ашиглаж хийж болно.

Зургаа. Хариуцлага

  • Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журам болон ажиллагсдын ёс зүйн дүрэмд заасан арга хэмжээ авах саналыг, Ёс зүйн хороогоор шийдвэрлүүлж, Удирдлагын зөвлөлд оруулж санал аван шийдвэрлүүлнэ.
  • Дотоод хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол хуулийн байгууллагад, хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц байвал нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж шийдвэрлүүлнэ.