Зөвшөөрөлгүй авто машины худалдаа эрхэлж байсан “1000 машины зогсоол”-ыг чөлөөллөө

466

Улаанбаатар төмөр замын төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөллөө. Зөвшөөрөлгүйгээр авто машины худалдаа эрхэлж байсан  уг зогсоолын талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газар, БГД-ийн Цагдаагийн хэлтэс, “Ачигч авто машинуудын нэгдсэн холбоо” НҮТББ, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран  амжилттай зохион байгууллаа.

Автомашины худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх бөгөөд энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барих нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан бөгөөд барилгын ажил удахгүй эхлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан газар чөлөөлөх ажлыг зохион байгууллаа  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.