Нийслэлийн Замын хөгжлийн газрын түүх

3686

Монгол Улсын анхдугаар их хурал 1924 оны 10 дугаар сарын 29-нд хуралдаж,  Да хүрээг нийслэл Улаанбаатар хэмээн нэрлэсэн. Мөн тус хурлаар   Улсын тээх нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар байгуулах шийдвэр гаргаснаар 1925 онд “Улсын тээх нэвтрүүлэх хороо”-г байгуулж, зам гүүр засах, барих ажлыг хариуцан ажиллаж эхэлжээ. Улмаар 1929 онд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монгол транс” хэмээх тээх нэвтрүүлэх нийгэмлэг байгуулагдан Монгол Улсад авто тээврийг хөгжүүлэн, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн юм. 1930 онд “Монгол транс”-д Зам барилгын асуудал эрхлэх хэлтэс байгуулагдсан нь мэргэжлийн авто замын байгууллагын үүсэл болсон түүхтэй. Тухайн үед зам барилгын ажилд гол төлөв ердийн хөсөг ашигладаг байв. 1935 онд ЗХУ-аас ЧТЗ-60 гэдэг 60 морины хоёр зүтгэгч трактор, чиргүүлийн грейдертэйгээр анх хүлээн авсан нь замын газар шорооны хүнд хүчир ажлыг механикжуулах эхлэл тавигдаж, замын салбар анхны механизмтай болжээ. 1935 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Монгол транс”-аас эрхлэн боловсруулсан “Авто замын анхны сүлжээ”-г баталж, Монгол Улсын авто замын салбар төлөвлөгөөтэйгөөр хөгжих зам нээгдсэн юм. Ийнхүү Монгол Улсын зам тээврийн харилцаа бодлоготойгоор өргөжин тэлж, 1940 онд БНМАУ-ын Зам, тээврийн яамыг байгуулжээ. 1952 он гэхэд  Улаанбаатар хотын авто замын 10 орчим хувь нь л хатуу хучилттай байсан бол энэ тоо 1961 он гэхэд 15 дахин нэмэгдсэн байна. 1957-1966 онд БНХАУ-ын тусламжаар нийт 111,8 км буюу хот дотор 60,67 км, хотын гадна 52,12 км гудамж,зам, 216,3 км явган хүний зам, 15,6 км урт борооны ус зайлуулах шугам, 55800 ам метр талбай, 3 том, 19 дунд болон жижиг төмөр бетон гүүр, 95 хоолойг барьж ашиглалтад оруулсан байдаг. Ийнхүү 1921-1960 онд Монгол Улсад авто замын салбар үүсэн бүрэлдэж, өргөжин хөгжих үндэс суурь тавигджээ. 1960-1970 онуудад удаа дараагийн 5 жилийн төлөвлөгөөнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын үүсвэр тусгаж, нийслэлд 60 шахам га цардмал талбай бүхий хатуу хучилттай зам, явган замыг 1,5 дахин,  асфальт бетонон талбайг хоёр дахин их дүнгээр хийж гүйцэтгэв.

1981 онд СнЗ-ийн дэргэд Авто замын Ерөнхий газрыг бүрэлдэхүүндээ 20 аж ахуйн нэгжтэйгээр байгуулсны нэг нь Зам гүүрийн зураг төсөл, үйлдвэрлэл шинжилгээний институт байв. Тухайн жилдээ тус институтаас улсын хэмжээний бүх зам гүүрт үзлэг явуулж, замын сүлжээг дахин боловсруулжээ.

1998-1999 онд Японы буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний судалгааг хийсэн байна.

2000 онд нийслэлийн Барилга, хөрөнгө оруулалтын газарт Замын хэсгийг дөрвөн хүний орон тоотой байгуулав.  Улмаар  2002 оны Засгийн газрын 8 дугаар тогтоолоор нийслэлийн Тээврийн газарт Замын албыг шинээр байгуулсан нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар байгуулагдах үндэс болсон юм. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 182 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамж гарснаар Нийтийн тээврийн газрын замын хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай нэгтгэн Зам, замын байгууламжийн хэлтсийг байгуулан 2005 оны 1 дүгээр сарын 19-нийг хүртэл ажиллажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулжээ. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар Захирамжаар Нийслэлийн Авто замын газрын бүтэц, орон тоог баталсан байна. Тухайн үед байгууллагын эрхэм зорилгоо “Нийслэлийн Авто зам ашиглагчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн авто замын боловсронгүй сүлжээг бий болгох” хэмээн тодорхойлж, Захиргаа аж ахуй, Барилга, угсралт засварын, Төлөвлөлт судалгааны, Ашиглалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, 22 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 2005 оноос тус газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо нэмэгдсэнээр нийслэлийн Замын санг бүрдүүлэн Шалган бүртгэх товчоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах болов. Ийнхүү нийслэлд Авто замын салбарын бие даасан мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар нийслэлийн замын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, тус салбарт хэрэгжүүлэх ажлын  цар хүрээ өргөжих болсон төдийгүй хотын хэмжээнд 361,1 км хатуу хучилттай авто зам, 54 гүүр, 46 уулзварын гэрлэн дохионы засвар, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах болов.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/14 дугаар Захирамжаар тус газрын бүтцийг Захиргаа төөлөвлөлт- Санхүүгийн хэлтэс, Зам барилгын хяналтын хэлтэс, Замын ашиглалт, хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс гэсэн гурван үндсэн хэлтэс, 2 нэгж, 90 орон тоотоогоор баталжээ.

2013 онд нийслэлийн Засаг даргын А/92 дугаар Захирамжаар тус газрын бүтцийг шинэчлэн 6 хэлтэс, 2 нэгж, 126 орон тоотойгоор батлав.

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 8 дугаар тогтоолоор  Нийслэлийн Авто замын газрын нэрийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болгон өөрчилсөн бөгөөд тус тогтоолыг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын  А/635 дугаар Захирамжаар тус газрын бүтэц, орон тоог 105 хүртэл байхаар тогтоов.

Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1036 дугаар Захирамжаар “Авто Замын хөгжлийн газар”-ын нэрийг “Замын хөгжлийн газар” болгон өөрчилсөн бөгөөд байгууллагын бүтцийг шинэчлэн 8 хэлтэс, 128 хүний орон тоотой байхаар шийдвэрлэв.

Нийслэлийн Замын хөгжлийн газар нь  Улаанбаатар хотын Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх, засварлах, арчлан хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, ажлын явцад технологийн болон лабораторийн хяналт тавьж, гүйцэтгүүлэх, Авто замын сүлжээний төлөвлөлт, судалгаа хийхээс гадна орон нутгийн замын санг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто замын сүлжээнд гарсан эвдрэл,  гэмтлийг сэргээн засварлах, Авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг хөтлөн бүрдүүлэх чиг үүргийг хүлээн  ажиллаж байна.