Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нийслэлд ажиллалаа

71

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр нийслэлд ажиллаж, холбогдох хүмүүстэй албан уулзалт хийлээ. Уулзалтад ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү,  нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагай болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Өнөөдрийн уулзалтаар хоёр тал 2016-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн  төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Мөн 2018 онд хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийн талаар санал солилцов.

Өнөөдрийн уулзалтаар  Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан авто вокзал байхгүй, тиймээс хотын зүүн, баруун, урд талд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттайгаар 3 авто вокзал барих,  мөн Авто худалдааны цогцолборыг цаашид хэрхэн ашиглах,  Улаанбаатар хотод хөрсний бохирдол, авто замын түгжрэл  бий болгож байгаа  авто худалдааны цэгүүдийг цэгцлэх асуудлыг хамтарч шийдэх талаар санал солилцсон юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэлээд ажил хийгдсэн.  Улаанбаатар хотын зам, тээврийг сайжруулах, тээвэр талаас нь харах, тээврийн хүртээмжийг дээшлүүлэх зэрэг ажлууд 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ нисэх буудлыг менежментийн гэрээгээр ашиглалтад оруулж үйлчилгээг нь эхлүүлэх асуудал яригдсан. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар хотоос шинэ нисэх буудлын хүрээнд хот байгуулалтын асуудлыг маш яаралтай шийдэх шаардлага үүсч байна. Тэнд ажиллах ажилчдын орон сууц, нийгмийн үйлчилгээ гээд олон асуудлууд яригдана. Мөн зарим нэг гүүр, гарам хаагдсан асуудал байна. Үүнийг улсын чанартай зам, гүүртэй холбож өгөх  ажлууд байна. Мөн Зүүн, баруун 4 зам дээр хоёр түвшиний уулзварыг бий болгох, гүүрэн гарц барих асуудал нэлээн яригдлаа. Нэн тэргүүнд зүүн дөрвөн замын олон түвшний уулзварыг эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ” гэв гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.