Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажилтнууд Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

650

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, иргэдийг гамшгаас хамгаалах сургалтад хамруулахыг үүрэг болгосон байдаг.  Тогтоолын дагуу өнөөдөр  дуут дохионы үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажилтнууд нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн  заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.  Эхний дохиогоор бүх ажилтнууд ширээн доогуур орсон бөгөөд дараагийн дохио дуугарахад толгой дээрээ хамгаалалт барьж,  аюулгүй талбайд  гарч жагсав. Сургалтад тус газрын 58 ажилтан, албан хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.