Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

967

2017 оны 06 сарын 19-ний өдөр                Дугаар А/452                      Улаанбаатар хот

Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх

талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, Сонгуулийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, соёл, урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /А.Дамдинцэрэн/-т, нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

1.3.сонгуулийн санал авах өдөр сонгуулийн тойрог болон сонгуулийн байгууллагууд /санал авах байр/-ын гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /Б.Эрдэнэбат/-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Ж.Чинзориг/-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус;

1.4.сонгуулийн санал авах өдөрт сонгуулийн тойрог болон санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Д.Баярсайхан/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК /П.Маргад-Эрдэнэ/, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, галын аюулгүй байдалд үзлэг хийж, дүгнэлт гаргахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус.

2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД