Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай

1551

2017 оны 01 сарын 05-ны өдөр                   Дугаар А/09         09-хавсралт            Улаанбаатар хот

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн
албан татвар, агаарын бохирдлын төлбөр,
авто зам ашигласны төлбөр хураах талаар
авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр /цаашид албан татвар, төлбөр гэх/ хураах, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын  31-ний өдрийн хооронд зохион байгуулж, орлогыг төсөвт төвлөрүүлэн ажиллах, албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулан, техникийн хяналтын үзлэгийг хугацаанд нь зохион байгуулж, дүнг тухай бүр танилцуулж байхыг энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Комисст даалгасугай.

3.Дараахь арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай:

3.1.албан татвар, төлбөр хураах ажлыг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг бүрэн хамруулах;

3.2.аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх;

3.3.албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар албан татвар, төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг харьяа дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, хороодтой хамтран зохион байгуулах;

3.4.албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээллийг ажлын зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулах.

4.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын 3.4-т заасны дагуу автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй автотээврийн хэрэгсэлд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/, Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар /Д.Дашдорж/-т тус тус;

4.2.албан татвар, төлбөрөө төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар илрүүлж, хууль тогтоомжийн дагуу торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, холбогдох газруудыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Д.Одбаяр/-д;

4.3.нийслэлийн төр, захиргааны болон нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/, Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус;

4.4.албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2017 оны Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус;

4.5.Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол ажиллуулж байхыг Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т тус тус.

5.Албан татвар, төлбөр хурааж байгаа нэг цэгийн үйлчилгээний байранд банкны үйлчилгээг нэвтрүүлж ажиллахыг Улаанбаатар хотын банк /А.Энхмэнд/-нд, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг албан татвар, төлбөр төлснийг үндэслэн шилжүүлж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Автотээврийн үндэсний төв /П.Дэлгэрнаран/-д тус тус зөвлөсүгэй.

6.Нийслэлд бүртгэлтэй, идэвхтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлэх, Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программтай уялдуулах, албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлөх тогтолцоонд шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулж ажиллахыг Автотээврийн үндэсний төв /П.Дэлгэрнаран/-д зөвлөж, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/, Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/-т тус тус үүрэг болгосугай.

7.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ                                                              С.БАТБОЛД