Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай

571

2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр               Дугаар А/51                        Улаанбаатар хот

Сар шинийн баярыг угтсан зарим
арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Засгийн газрын 2010 оны 138 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 4/14 дүгээр, 2014 оны 225 дугаар, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сар шинийн баярыг угтан төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт тус бүр 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, томоохон зах, худалдааны төвүүдийн зогсоолд замын хөдөлгөөнийг зохицуулах ажилтан ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай:

2.1.сар шинийн баярын өмнөх амралтын өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 11, 18-ны өдрийн Бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 02 дугаар сарын 12, 19-ний өдрийн Ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн автотээврийн хэрэгслийг тус тус Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /Д.Дашдорж/-т;

2.2.Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 11, 12, 18, 19-ний өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төв /хуучнаар/-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /Д.Дашдорж/-т, шаардлагатай тэмдэг, хаалт байрлуулахыг  “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ /Ж.Чинзориг/-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус;

2.3.автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүд буюу 2017 оны 02 дугаар сарын 11, 18-ны өдрийн Бямба гараг, 02 дугаар сарын 12, 19-ний өдрийн Ням гарагт алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулж, Дэнжийн мянга, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний замналд зохицуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т;

2.4.энэ захирамжийн 1, 2 дугаар зүйлд заасан арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

3.Дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын болон сар шинийн баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах замын цагдаагийн алба хаагчдын хоолны зардалд зориулж 12.800.000 /арван хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ      С.БАТБОЛД