Хоёр гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаанд дуусгана

214

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг хийж, гүйцэтгэсээр байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод баригдаж буй хамгийн урт гүүр болох Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох шинэ гүүр болон Зайсангийн шинэ гүүрний барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон бусад албаныхан газар дээр нь очиж ажиллаа.

Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох буюу Яармагийг нэгдүгээр хороололтой холбох гүүр нь 481 метр, 6 эгнээ, дөрвөн амрах тавцантай, хоногт 31,600 машин нэвтрүүлэх хүчин чадалтай гүүр болох юм.

Замын барилгын ажил 2022 оны 09 дүгээр сард эхэлсэн бөгөөд өвлийн улиралд замын барилгын ажил зогсоогүй. Гүүрийн зорчих хэсгийг 09 дүгээр сард нээж, 2024 онд бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Тус зам ашиглалтад орсноор наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг 14,9 хувиар Сонсголонгийн замын ачааллыг 8,9 хувиар бууруулах тооцоолол гараад байна.

Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна.

Хоёр гүүрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна.